Энэтхэгт нэг айлын хоёр хүүхэд хоёулаа шатрын грандмастер болсон тухай мэдээллийг хэвлэлүүд онцолж байна. Вайшали Рамешбабу нь өнгөрсөн долоо хоногт 22 настайдаа шатрын грандмастер болсноор Энэтхэгт ийм зэрэгт хүрсэн гурав дахь эмэгтэй болсон юм. Гэвч түүнээс өмнө өөрийнх нь дүү Прагнанандхаа Рамешбабу 2018 онд 12 настайдаа грандмастер болж байжээ. Chess.com-ийн мэдээлснээр өмнө нь нэг гэрийн хоёр хүүхэд хоёулаа ийм амжилт үзүүлж байгаагүй аж. Вайшали Рамешбабу шатар тоглож эхэлсэн цагаасаа хойш грандмастер болохыг хүсдэг байсан тухайгаа илэрхийлэв. Грандмастер болно гэдэг цаг хугацаа их шаардсан амаргүй даваа. Тоглогчид гурван удаагийн тэмцээнд ялалт байгуулж, олон улсын шатрын холбооны 2500 гэсэн үнэлгээг давах ёстой байдаг байна.