Нүүрсний сонсголын үеэр шинжээч Женералтек ХХК-тай холбоотой асуудлыг танилцуулсан юм. Женералтек компани 2013 онд Тавантолгой ХК-тай 100 мянган тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан ч 19.2 мянган тонн нүүрс нийлүүлсэн гэж бүртгэгдсэн талаар шинжээч дурдав. Тухайн компанийн нэгдмэл сонирхолтой этгээдээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нар нэрлэгдээд байна.
Энэ асуудалд Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав дараах байр суурийг илэрхийллээ. Тэрээр, “Төрийн эрх барих дээд байгууллага бүтцээрээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энд хэн нэг хүний субъектив бодол байх ёсгүй шүү. Нотолгоо баримттай зүйл яримаар байна. Ерөнхийлөгч, ерөнхий прокурор хоёр нүүрс аваад явчихлаа гэнэ үү. Үүнийг хэн батлаад байгаа юм. Хүний нэр төр гэж зүйл бий” гэлээ.