“Гэртээ ганцаараа” киноны гол дүрийн жүжигчин, өдгөө 43-тай Маколэй Калкин Холлиудын алдарт гудамжинд өөрийн нэртэй “од”-той боллоо. Жүжигчдийн хувьд Холлиудад ийн нэрээ мөнхөлнө гэдэг томоохон нэр хүндэд тооцогддог билээ. Зул сарын алдарт “Гэртээ ганцаараа” кино дэлгэцнээ гарснаас хойш 33 жилийн дараа энэ үйл явдал болж байна.
Түүнд баяр хүргэж кинон дээрх ээжийнх нь дүрийг бүтээсэн жүжигчин Кэтрин О’Хара мөн иржээ. Жүжигчин бүсгүй түүнийг 10 настайгаасаа л дэлхийн хэмжээний “од” болж байсныг санаж байгаагаа сэтгэл хөдөлгөм мэндчилгээний хамт хэлсэн байна. Тэрбээр “Гэртээ ганцаараа киног хүмүүс үргэлж үзсээр байх болно. Жил бүр гэр бүлүүд энэ киног тэсэн ядан хүлээж үздэг нь Маколэй Калкинтай мэдээж холбоотой” гэжээ. Маколэй Калкин түүний үгсийг сонсоод нулимс дуслуулж байсныг хэвлэлүүд онцолж байна. 1990 онд “Гэртээ ганцаараа” киноны анхны анги нь цацагдсан даруйд 476.7 сая ам.долларын орлого олж байв.