Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголоор газар олголт;
“Тавантолгой” ХК-ийн нүүрс борлуулалтын үйл ажиллагаа;
“Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагуудаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ сэдвээр шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай бичмэл нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авах юм. Энэ өдрийн хэлэлцэх асуудалтай холбогдуулан нийтдээ 168 гэрчийг дуудсан байна.
Өмнөговь аймгийн Ханбогд суманд газрын тухай хууль зөрчсөн газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг танилцуулж байна.
Жижиг "Тавантолгой" ХК нүүрсний ачилт, буулгалтад зориулж 10 га газар худалдан авах тендер зарласан үнийн саналыг дэлгэцэд танилцууллаа. Ингэхэд нэг га газрыг нэг тэрбум төгрөгөөр үнэлж байсан нь харагдаж байна.
Үүнд хариулт өгөхөөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт:
Дэлгэцэд харуулж буй газар олгох захирамжууд минийх мөн. Компанийн зүгээс үнийн дүнг зарласан. Би компаниас мөнгө аваагүй, олон жил үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай компани гэдгийг нь мэднэ. Ямар шалгуураар 10 тэрбум төгрөг гэж зарласныг мэдэхгүй.
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: Та улс төрийн томилгоотой хүн мөн үү?
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт: Тийм ээ, би МАН-ын томилгооных. Намайг Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж томилсон. Намайг томилогдох үед цар тахал давхцаж нүүрс тээврийн 300 гаруй ААН-ийг кэмпид байрлуулж, газар олгох ажил миний үед их таарсан ч хурлаар чиглэл ирсэн төлөвлөгөөний дагуу л ажилласан. Дуудлага худалдаанд оролцоогүй, төлөвлөгөөт төсвийн дагуу олгосон, ямар нэгэн мөнгө аваагүй.
Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга н.Золжаргал:
Манай салбарын хуулиуд бүгд цахимжсан. Газрын дуудлага худалдаа бүгд цахим буюу эзэмших, олгох үйл явц хамаарна. Газрын дуудлага худалдааг аль болох ашиглах төрөлд зарладаггүй. Эхлээд аймаг, сумдын ИТХ-ын шийдвэрийн төлөвлөлтийн цахим системд оруулдаг. Гадаадын хөрөнгө оруулалт гэж дурдагдаж байна. Үүний цаана маш олон процесс явагддаг. Тиймээс тэр олон компанийн эрх хэрхэн шилжсэнийг нь нэг бүрчлэн хувийн хэргээр нь тайлбарлаж өгч болно.