Өрөг.мн сайтын үйл ажиллагаа хариуцсан менежер, продюссер Б.Түмэннасттай ярилцлаа. Тэрээр үл мэдэгдэх хоёр этгээдэд зодуулж, хүнд гэмтсэн ч Монголын цагдаа хэрэгтнүүдийг барьж чадахгүй байсаар байгаа юм.
Та манай уншигчдад өөрийгөө товч танилцуулаач.
Намайг Б.Түмэннаст гэдэг. Би 2021 оны 9-р сараас эхлэн Өрөг.мн сайтад менежерээр ажилд орсон. Тэгээд 2022 оны 1-р сараас эхлээд сэтгүүлч У.Болортуяагийн “Улс төрийн задлан” нэвтрүүлэг, мэдээнүүд дээр продюсероор давхар ажилласан. Учир нь манайх 10 ажилтантай жижиг редакц учраас эрэн сурвалжлах нэвтрүүлэг, улс төрийн нэвтрүүлэг дээр тусалж, хамтарч ажиллах хүн хэрэгтэй байсан юм. Тэгээд би менежерийн ажлаа хавсарч продюсерын ажил хийх болсон. Манай “Улс төрийн задлан”, эрэн сурвалжлах нэвтрүүлгүүд дээр эвлүүлгийн найруулагч С.Баасандаш, зураглаач М.Болдхүү, сэтгүүлч У.Болортуяа, продюсер Б.Түмэннаст гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаад явж байсан юм. Бид 7 хоног болгон “Улс төрийн задлан” нэвтрүүлэг, жилдээ 2-3 эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэж байсан.
Энэ оны хамгийн дуулиантай нэвтрүүлэг нь Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Б.Хурцтай холбоотой нэвтрүүлэг байх тийм үү?
Тийм шүү. 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Б.Хурцаа 1,2 тэрбумын өрөө төл, татвар төлөгч бид танай гэр бүлийг тэжээх үүрэггүй” нэртэй нэвтрүүлэг хийж цацсан
Хоёр дахь нэвтрүүлэг нь Б.Хурцын охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлөхгүй зургаан жил болсон атлаа өөрөө чинээлэг амьдардаг талаарх байсан. Тухайлбал Х.Намууны цөөн хэдэн хувцасны үнийг бодоход л 32 мянган доллар болж байгааг баримтаар үзүүлсэн. Энэ дугаараа 5 дугаар сарын 5-ны өдөр цацсан.
Энэ нэвтрүүлгийн үеэр Б.Хурцын охин Х.Намуунаас очиж ярилцлага авсан ба тэрээр "Зээлээ төлөх эсэх нь миний хувийн асуудал. Миний хувийн орон зайд битгий халд" гэж хариулсан нь олны эгдүүцлийг хүргэсэн.
Мөн 5 дугаар сарын 11-нд "Монголын улс төрчид Боловсролын зээлийн сан, ЖДҮ сан зэрэг 25 санг цөлмөж байна. Сангаас зээл авсан Б.Хурц нар шиг чанаргүй зээлдэгчдийн зээлийг төлүүлье" гарчигтай материал оруулсан. Ингээд Б.Хурцтай холбоотой нийт дөрвөн цуврал нэвтрүүлэг, түүнээс гадна мэдээ сурвалжилгууд бэлтгэсэн. 5 дугаар сарын 5-нд 2 дахь нэвтрүүлэг цацагдсанаас хойш 5 дугаар сарын 5-наас 11-ний хооронд тасралтгүй Б.Хурцын өмгөөлөгч болон Б.Хурцын охин бид нар луу холбоо барьсан. Сэтгүүлч маань царай нь гарч ажил хийдэг учраас сэтгүүлчийнхээ болон редакцынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс миний бие нэвтрүүлгийн продюсерын хувьд багаа төлөөлж Б.Хурцын өмгөөлөгч болон Б.Хурцын охинтой уулзсан.
Уулзаад юу ярьж байв?
Тэр хүмүүс "Та нар хэдэн төгрөг хүсэж байгаа вэ? мөнгийг чинь өгье, дахиж энэ асуудлыг мэдээлэхгүй байгаач ээ, бид нар зээлээ төлчихнө өө, та нар бид нарын асуудлыг мэдээлэхгүй байгаач ээ" гэсэн шаардлагуудыг тавьсан. Бид нар ийм боломжгүй ээ гэсэн. Тэгээд бид нарт "50 сая төгрөг амласан. 50 сая төгрөгөөр та нар редакцынхаа хоёр сарын цалинг тавьчихна биз дээ, 50 сая төгрөг өгчихье л дөө, өөр юу хүсээд байгаа юм бэ?" гэсэн. 5 дугаар сарын 6, 5 дугаар сарын 12-ны өдрүүдэд нийт хоёр удаа уулзсан. Энэ хугацаанд сүүлийн уулзалт хүртэл бид нарыг гуйх байдалтай байсан. "Битгий нэвтрүүлэг цацаач, бид нар өрөө төлчихнө, хэдүүлээ ер нь хоорондоо эвлэрье, зохицъё дахиж нэвтрүүлэг битгий хийгээч" гэх зэргээр бид нарыг гуйх өнгө аястай байлаа. Харин 5 дугаар сарын 12-ноос хойш 10 орчим хоногийн хугацаанд тасралтгүй над руу вайбар, телеграммаар чат бичиж дарамталдаг байсан. "Та нарыг би ёстой ална аа, та нар үйлийн үрээ эдэлнэ ээ, чи дөрвөн хүүхэдтэй юм байна лээ шдээ. Танай нөхрийн чинь ажлын газар, хүүхдүүдийн чинь сургууль цэцэрлэгийг мэднэ шүү. Чамайг гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ. Та нар манай гэр бүлийг үгүй хийж байгаатай адилхан бид нар ч та нарын гэр бүлийг үгүй хийнэ. Чи дөрвөн хүүхэдтэй байж айдаггүй юм уу, ичдэггүй юм уу? Чамайг дөрвөн хүүхэдтэй чинь цуг ална, дөрвөн хүүхэдтэй чинь хүйс тэмтэрнэ" гэсэн утгатай мессежүүдийг удаа дараа над руу явуулж дарамталсан. Ингээд энэ мессежийг бид цагдаагийн байгууллагад өгсөн. Биднийг дарамтлаад байна, заналхийлээд байна, амь насанд халдах гээд байна, хамгаалалт гаргаж өгөөч ээ гэж хандсан. Бид нар СБД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл, гомдол гаргасан. Тэгсэн чинь гэмт хэргийн шинжгүй гэж үзээд миний өргөдлийг хүлээж авахгүйгээр хэргийг хаасан.
Ингээд удаа дараа 10 гаруй хоногийн турш намайг дарамталсан. Дарамтлуулаад байхаар сэтгэлээр их унаж байна уу? Ингээд дарамтлуулахаар сүүлдээ ажлаа хийхэд хэцүү болдог юм байна лээ. Сэтгэл санаагаар их унасан. Намайг энд байж байхад гэрт хүүхдүүдийг маань яачих бол гээд арагшаа санаа зовоод хэцүү байдалтай байдаг болсон. 10 гаруй хоног намайг дарамталж байгаад хэрэг явдал нэлээн намжаад бид нар ингээд намжих нь дээ гээд бодож байсан.
Гэтэл юу болов?
Бид Б.Хурцтай холбоотой олон нэвтрүүлэг хийсэн учраас манай багт олон баримтууд шинээр ирсэн. Олон хүн бидэнд хандсан. Тухайлбал Б.Хурц гэдэг хүн Герман улсын иргэний амь насыг Монгол Улсын иргэн н.Гантуяатай нийлж, бүрэлгэсэн байж болзошгүй, төр нийгмийн зүтгэлтэн, Ардчиллын хараацай гэгддэг С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн жинхэнэ хүмүүсийг суллаж, өөр хүмүүсийг хилсээр гүтгэсэн. Энэ ажиллагааг Б.Хурц гэдэг хүн ТЕГ-ын дарга байхдаа хийж, хүний эрхийг ноцтой зөрчсөн зэрэг баримт, мэдээллүүд ирсэн. Ингээд бид сэдвээ судлаад сэдвийн судалгааны ажил ид явагдаж байх үед 9-рсарын 26-ны өдөр ажлаа тараад гэр лүүгээ явж байх үед үл мэдэгдэх хоёр залуу ирээд нүүр нүдгүй шууд гараа зангидаад цохисон. Би нүүрэндээ хүчтэй цохиулаад ухаан балартаад нэг мэдэхэд газар уначихсан нөгөө 2 хүн бүх биеийг минь хөшиглөж, цохиж, зодож байсан. Би ямар ч эсэргүүцэл үзүүлж чадаагүй ухаан алдаад эмнэлэгт сэрсэн. Тэгээд уг асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан боловч одоог хүртэл хэрэгтнүүдийг олж илрүүлээгүй байгаа. Чиний явсан газар камергүй байна. Замын эсрэг талын хувийн хэвшлийн камерыг шалгаж үзэхэд чамайг зодуулсан гэдэг нь харагдаж байгаа ч хүн нь танигдах боломжгүй байна. Тиймээс хэрэгтнийг олохгүй байна аа" гээд одоог хүртэл намайг зодсон хоёр хэрэгтнийг олоогүй байгаа.
Гэхдээ тэр хүмүүс зүгээр л гудамжны танхайчууд биш үү? Яагаад заавал Б.Хурцыг гэж хардаж байгаа юм бэ?
Тэр хоёр хүн "Та нар нэвтрүүлгүүдээ зогсоохгүй бол энэ зөвхөн эхлэл шүү, энэ зөвхөн сануулга шүү" гэж хэлсэн. Тийм болохоор бид Б.Хурцын хүмүүс бид нарыг зодож, дарамталж байгаа юм байна аа гэж хардаж байгаа.
Гэмтэл тогтоогдсон уу?
Миний бие зодуулаад нүүр, нүдэндээ хүнд гэмтэл аваад нүдэндээ имплант суулгах хагалгаанд орсон. Тэгээд шүүх шинжилгээний байгууллагаар гэмтлийн зэргүүдээ тогтоолгосон. Миний гэмтлийн зэрэг болон бусад гэмтлүүд тодорхой эмчийн бичгүүд дээр байгаа.
Намайг зодуулснаас хойш манай нэвтрүүлгийн баг Б.Хурцтай холбоотой дахиж өөр нэвтрүүлэг ерөөсөө хийгээгүй. Тэр хийж байсан нэвтрүүлгүүдээ зогсоочихсон байгаа. Яагаад гэхээр манай баг хамт олон бүгдээрээ айдаст автсан байдалтай байна. Дараагийнх нь дахиад зодуулчих вий дээ, энэ бол зөвхөн эхлэл гэж хэлсэн учраас бид нар зодуулчих вий дээ гэсэн айдас хүйдэстэй байна. Манай нэвтрүүлгийн багийн сэтгүүлч чамайг зодуулсан талаар олон нийтэд хандая уншигчид мэдэх хэрэгтэй гэсэн. Тэгээд энэ ярилцлагыг би өгч байгаа юм аа.
Зодуулсны дараа ар гэр нь хэрхэн хүлээж авав?
Манай аав, ээж, нөхөр "Чи энэ ажлаасаа гар, олон нийтэд заавал ингэж мэдээлж өөрийгөө болон хүүхдүүдээ эрсдэлд оруулж, аюултай байдлыг нь улам нэмэгдүүлж яах гээд байгаа юм бэ?" гээд намайг зэмлээд байгаа. Нэвтрүүлгийн багийнхан маань тэмцье, дахиад шүүх цагдаагаар хөөцөлдөөд явъя, олон нийтэд энэ бүхнийг мэдээлье гэж байгаа. Өөрөөр хэлбэл би хоёрдчихоод байна. Хэдий би айж байгаа ч энд ярьж байгаа шалтгаан нь дараагийн удаа хүүхдүүдтэй чинь ярина аа гэж намайг сүрдүүлсэн учраас хүүхдүүдээ бодоод болсон бодит явдлаа тэмдэглэж үлдээе гэж бодоод ярьж байгаа юм аа.
Таныг сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж байгаа гэсэн нь үнэн үү?
Ер нь зодуулснаас хойш миний сэтгэл санаа их хэцүү болсон. Гэрээсээ гарахаас айдастай болсон. Байнгын сэтгэл зовнил, сэтгэл түгшүүртэй байгаа. Манай нэвтрүүлгийн багийнхан намайг сэтгэл зүйчид ханд, зодуулснаасаа хойш юу болчхов оо, чи сэтгэл зүйчид хандаад үз ээ гэсэн. Би одоо сэтгэл зүйн тусламж үйлчилгээ аваад явж байгаа. Сэтгэл зүйч намайг айдас түгшүүрийн хүнд эмгэгтэй байна, танд сэтгэл зүйн эмчилгээ, үйлчилгээ хэрэгтэй. Үүнээс болоод таны цаашдын аж амьдрал тань хүндэрч, өөртөө итгэлгүй болох сэтгэл гутралд орох гэх зэрэг асуудлууд үүсэж болзошгүй гэсэн. Би ингээд одоог хүртэл сэтгэл заслын эмчилгээ хийлгээд явж байгаа. Цаашдаа энэ салбарт ажиллахаа больё, гадаад дотоод явъя гэх мэтээр бодож л байна.
Б.Хурц их хурц хүн шүү дээ. Их Хурлын танхимд ч хүн дарамталж байсан удаатай.
Тэр Б.Хурц гэдэг хүн чинь ТЕГ-ын дарга байсан, АТГ-ын дарга байсан хүн. Би байтугай өч төчнөөн томчуудыг УИХ-ын танхимд УИХ-ын гишүүнийг "Би цааш нь чиний тухай ярих уу яах вэ" гэж дарамталдаг, сүрдүүлдэг хүн шүү дээ. Бид түүнийг нь улсаараа үзсэн. Ийм хүний хувьд бол би дөрвөн хүүхэдтэй жирийн нэг ажилтан. Намайг бол яаж ч магадгүй юм байна гэж бодож байгаа учраас би одоо их айдас түгшүүртэй байгаа. Ер нь бол энэ Б.Хурц гэдэг хүнтэй холбоотой олон хэргүүд байгаа. Бид нар нэвтрүүлэгтээ Б.Хурц гэдэг хүнийг юуных нь тухай ярьж байгаа вэ? гэхээр өөрөө ТЕГ-ын дарга байхдаа том охин Х.Намуундаа Боловсролын зээлийн сангаас шалгуур хангаагүй байж зээл авч өгсөн. Охин нь тэр мөнгөөрөө гадаадад сурч ирчхээд одоо хүртэл зээлээ төлөхгүй байна аа гэж байгаа. Дараагийнх нь мөн өөрөө ТЕГ-ын дарга байхдаа ЖДҮ-г хөгжүүлэх сангаас Гранд Степп компаниараа авсан зээлээ мөн одоог хүртэл төлөөгүй нөхцөл байдалтай байна аа. Яагаад энэ хүн чинь төрөөс авсан зээл хуулиа буцаагаад төлчихдөггүй юм бэ? Өөрөө авах ёстой эрх бүхий хүн биш улс төрд нөлөө бүхий эрхэм байж ингээд зээл авч байгаа нь ёс зүйн хувьд болж байгаа юм уу? гэдэг өнцгүүдийг гаргаж тавьдаг. Мөн энэ хүн С.Зоригийн хэрэгт буруутгаж Энхбат гэдэг хүнийг олон улсаар дамжуулан Монгол Улсад хулгайлж авчраад, хилс хэрэг хүлээлгэж байгаад нөгөө хүн нь ярга, зодуурыг нь даахгүй нас барсан тохиолдол хүртэл гарсан байдаг шүүдээ. Ийм аймшигтай хэргүүдийг удаа дараа үйлдэж байсан. Ингээд улс дамнан хүн авчирсан хэргээр нь Англи улс нисэх онгоцны Хитро буудал дээрээ баривчилж энэ хүнийг улсынхаа шорондоо цагдан хорьж байсан. Ийм аймшигтай хэргүүдэд холбогддог, ийм аймшигтай хэрэг хийдэг ийм хүний хувьд бол манай жирийн залуу гэр бүл, манай хүүхдүүд бол хэн ч биш болж харагдаж, манай хүүхдүүдийн амьдралд аюул учрах уу гэдгээс би хамгийн их айж байгаа.
Нэвтрүүлгийн багийнх нь бусад гишүүдийг дарамталсан уу? Яагаад таныг дарамтлаад байгаа юм бол?
Манай нэвтрүүлгийн багийнхны хувьд хамгийн гол нь сэтгүүлч нь яах вэ? Царай нь гараад, миний бичиж бэлдсэн текстийг уншаад зогсож байна. Яг ар талд нь гол нэвтрүүлгийг хийж байгаа хүн нь намайг гэж үзэж байгаа учраас над руу ингэж их халдаад байгаа юм байна гэж бид нар ойлгосон.
Та яг одоо ярьж байхдаа ч сандраад байна уу даа?
Сэтгэл түгших айдас түгшүүрийн энэ эмгэгээсээ болоод байнга зүрх дэлсдэг, гар хөл чичирдэг, хөлс гардаг. Гэртээ зүгээр хүүхдүүдтэйгээ тайван сууж байхдаа ч гэсэн айж сандардаг байнгын ийм сандралын байдалтай байдаг болчихсон. Одоо хүртэл би Б.Хурц гэдэг хүний тухай ярьж байхдаа гар хөл чичрээд сандраад, тэр хүмүүст зодуулсан, элдвээрээ дарамтлуулсан тэр бүх үйл явц нь бодогдоод одоо ч гэсэн юм ярихад хэцүү байна. Би хамгийн гол нь Монголд сэтгүүлчид, хэвлэлийн байгууллага, уран бүтээлчид хууль бус үйлдлийг илчлээд хууль бус ийм юм байна шүү гээд нэвтрүүлэг хийсэн ч гэсэн эргээд дарамтлуулахад өмгөөлж хамгаалах хүн ерөөсөө байдаггүй юм байна гэдгийг л ойлголоо. Тийм болохоор сэтгүүлчид Монголд эрэн сурвалжлах бүтээл хийхэд сэтгэл зүйн хувьд мохдог, элдвээрээ дарамтлуулаад айдас хүйдэст автаад дахиж энэ хүмүүсийн тухай бүтээл хийхгүйгээр орхиход хүрдэг юм байна. Монголд энэ эрх мэдэл мөнгөтэй улс төрд нэр нөлөө бүхий хүмүүс бүх зүйлийг мөнгөөр аргалах гэдэг, аргалаад мөнгөөр амыг нь үдчихдэг юм байна. Мөн мөнгөөр аргалаад болохгүй байх юм бол зодож нүдээд айдас хүйдэст автуулаад л дарамтлаад дуусдаг юм байна.
Би Монголын ард түмнийг энэ ярилцлагыг уншиж байгаа бол ийм шударга бус үйл явдал болдог юм байна шүү. Болоод байна шүү! та бүхний татварын мөнгийг идэж уусан, хувьдаа завшсан, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан энэ хүмүүс чинь нэр нөлөө нь бүр ингэтлээ томорчихсон юм байна шүү, жирийн сэтгүүлчийг хүртэл ингэж алахаас наагуур болтол нь зодож хаячхаад, цагдаа нь хүртэл хэрэг үүсгэж шалгадаггүй, хэрэгтэн олдохгүй байна аа гэдэг юм байна шүү. Камергүй газрыг хүртэл судалчхаад камергүй газар алхаж байхад нь зоддог ийм зохион байгуулалттай мафи бий болчихсон байдаг юм байна шүү гэж сануулмаар байна.
Ер нь бол ийм л байдаг учраас манай улс 2022 оны авлигын үзүүлэлтээр дэлхийн 180 орноос 116-д жагсдаг. Авлигажсан ийм нөхцөл байдал, шүүхийн хараат бус байдлаараа ч гэсэн манай улс дэлхийд бас сүүл мушгидаг. Хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ ч манай улс бас дэлхийд хойгуурт жагсдаг. Энэ бүхнээс харахад бол хойгуур жагсахаас ч өөр аргагүй юм байна. Ийм шударга бус нөхцөл байдал манай улсад байдаг юм байна аа гэдгийг би өөрийн бие махбодь сэтгэл зүрхээрээ мэдэрлээ.
Ярилцсанд баярлалаа.