Одоогоос нэг жилийн өмнө буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр ард иргэд Сүхбаатарын талбайд цуглаж, нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар шаардлага хүргүүлж жагсаал хийж байсан билээ.
Яг нэг жилийн дараа УИХ-аас байгуулагдсан төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий хянан шалгах түр хорооноос зохион байгуулж байгаа.
“Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол” өнөөдөр эхэлж байна.
Өнөөдрийн сонсголд гэрч болон гэрчтэй хамт хүрэлцэн ирсэн нийт 55 хүн дуудагджээ. Тэгвэл Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчийн талаарх мэдээллийг Түр хорооны дарга Б.Энхбаяр танилцуулав. Тус компанийн 51 хувийг Өмнөговь аймгийн ИТХ, 19.7 хувийг “Ажнай” корпораци буюу УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ, 16.31 хувийг Гадаадын хөрөнгө оруулалттай “Шандас импекс” ХХК буюу 50:50 хувиар “Word Resourses”, иргэн С.Мөнхжаргал нар эзэмшдэг бол 12.91 хувийг хөрөнгийн биржид бүртгэлтэй бусад жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшиж иржээ. Энэ үеэр Өмнөговь аймгийн Засаг даргаар 2006-2008, 2020-2022 онд Аймгийн ИТХ-ын даргаар болон таван удаа төлөөлөгчөөр сонгогдсон Б.Бадраа нь өөрийн хамаарал бүхий компаниа мэдэхгүй хэмээн мэдэн будилах нь тэр.
Гадны хөрөнгө оруулалттай компанитай хувь хувааж буй “Шандас Импекс” ХХК-ийг 1997 онд иргэн С.Мөнхжаргал үүсгэн байгуулсан бөгөөд Гүйцэтгэх захирлаар Б.Сэмбээжав гэх иргэн ажиллаж байгаа аж. Тус компани нь доороо нэлээдгүй олон охин компанитай. Тодруулбал, “Тэнгэр зууч”, “Ариггал”, “Шандастранс” гэсэн гурван ХХК-ид мөн С.Мөнхжаргал, “Word resourses” нар хувьцаа эзэмшигчээр бүртгэгджээ. Харин С.Мөнхжаргал нь “Эвсэг”, “Хавтшонхор”, “Шадархөтөч”, “Ашидманлай”, “Содгүрэн”, “Кашмерхолдингс” гэсэн компаниудыг үүсгэн байгуулагчаар бүртгэгджээ.
Тэгвэл 19 хувийн хувьцаа эзэмшигч “Ажнай” группын охин компани болох “Шанх амазон сан” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид дунд Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа байсан ч “одоо харж байна” хэмээн мэлзэв.
Сонсгол даргалагч болон гэрч нарын хооронд өрнөсөн харилцан яриаг уншигч танд тайлбаргүйгээр хүргэе.
-УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-51 хувийг орон нутгийн өмчит Тавантолгой ХК-д хэн төлөөлөхийг аймгийн Засаг дарга мэддэг байжээ. Та санал болгож томилуулж байсан тохиолдол байна уу хэмээхэд
-Засаг дарга асан Б.Бадраа:
-2008-2009 онд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд Тавантолгой ТУЗ-ийн даргыг ийм хүнээр томилох нь зүйтэй гэдэг санал оруулж байснаа санахгүй байна. Ер нь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид Засаг даргын саналыг авч гаргана гэсэн хууль байхгүй. Миний хувьд ийм санал гаргаснаа санахгүй байна гэв.
-Түр хорооны дарга Б.Энхбаяр:
-2009 онд ТУЗ-ийн дарга байсан Д.Бат-Эрдэнэ гэж хүнийг таних уу, та.
-Засаг дарга асан Б.Бадраа:
-Танилгүй яахав. 2000 оноос хойш буюу 23 жил танина. Нэгдүгээр сургуулийн захирал байхдаа математикийн олимпиад хамтран зохион байгуулж, танилцаж байсан.
-Түр хорооны дарга Б.Энхбаяр:
-2009 онд Д.Бат-Эрдэнэ томилогдоод, 2011 онд сонгуулийн жилээс өмнө хуультай холбоотой чөлөөлөгдөж байжээ. Дараа нь Б.Түвшинбаяр гэж хүн томилогдсон байна. Тэр хүнийг таних уу.
-Засаг дарга асан Б.Бадраа:
-Танина. 2008 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байхад аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан. Өмнө нь Баяндалай суманд мөн хамт ажиллаж байсан.
-Түр хорооны дарга Б.Энхбаяр:
-Үргэлжлүүлэн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан С.Мөнхбаяр, С.Мөнхбат, У.Цог-Өрнөх нарыг таних уу?
-Засаг дарга асан Б.Бадраа:
-Аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан С.Мөнхбаярыг танина. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхбатыг мөн танина.
-Түр хорооны дарга Б.Энхбаяр:
-Ажнай Д.Бат-Эрдэнэ та хоёр хамтарч компани байгуулж байсан уу?
-Засаг дарга асан Б.Бадраа:
-Одоо харж байна.
–Түр хорооны дарга Б.Энхбаяр:
-Таны өмнөөс компани байгуулчихсан хэрэг үү
-Засаг дарга асан Б.Бадраа:
-Албан ёсоор үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй. Одоо энэ судалгаанаас харахад ямар ч байсан миний нэртэй явж байна. Би өөрийнхөө бодлыг хэлж байна хэмээн сандрав.