"Zarig.mn” сайтын хамт олон өнгөрсөн шөнө төв талбайд хоножээ. Тэд сайтын үйл ажиллагааг нь хэвийн болготол суултаа үргэлжлүүлэх талаар хэлж буй.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбоотой мэдэгдэл гомдол бүрийг харгалзан шууд яллагдагчаар татах, улмаар сайтын үйл ажиллагааг нь зогсоох явдал хуулийн дагуу хэрэгжив үү?
Хууль биелүүлэх гэж байгаа бол хуулийн дагуу хийх нь зүй.
1. Хуулийнхан ажлаа хийх нь зүйн хэрэг. Тэд хуулийнхаа дагуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шалгаад, мөрдөөд, байцаагаад явж болно. Гол нь энэ бүх үйл явцаа хуулийн дагуу хийх ёстой. Мөрдөн шалгах ажиллагаа ямар байх тоглоомын дүрэм нь бий. Гэтэл тэр дагуу огт явахгүй байна. Буруу утасны дугаар руу залгачхаад залгахад аваагүй гэж гүрийж байна, ажлын бус цагаар гэнэт шүүх хурал товлож байна, гэнэт дуудагдсан хүмүүс түгжрээд шүүх хуралдаа амжиж орж чадахгүй нь ээ, онлайнаар ч болтугай орж болох уу гэхэд үгүй гэж байна. Тэгээд өмгөөлөгчгүй, өөрийг нь эзгүйд шүүх хурал нь болчихсон. Азаар түүнийг цагдан хориогүй ч өөрийгөө ч өмгөөлөх эрхээ эдлэлгүй шүүхээр шүүгдчихсэн. Ажлын бус цагаар шөнө гэнэт дуудаж мэдүүлэг авч байна. Магадгүй тэгж гэнэт шөнө орой дуудахад нь очихгүй, байхгүй байж таарвал дуудахад ирээгүй гээд шууд хорихоор байна.
2. Сэтгүүлчдэд байнга хэн нэгэн гомдож байдаг. Цагдаад ирсэн Н.Өнөрцэцэгтэй холбоотой өргөдөл гомдол бүрд шууд яллагдагчаар татаж байна.
3. Зариг.мн сайт бол татвар төлөгч хуулийн этгээд. Хуулийн этгээдийг шууд хааж боох тухай хууль манай улсад огт байхгүй. Гэтэл шууд хаачихсан. Яагаад хааж байгаа юм бэ гэхээр нэг нэгэн рүүгээ бухаж байна. Шууд бизнесийн үйл ажиллагааг зогсоосон нь дэндүү харамсалтай. Дэндүү увайгүй. Өнөрөөг шалгаж байгаа бол Заригийг хаах учир яг юунд байна вэ? Дараа нь аль сайтыг хаах вэ?
4. Тролл багууд маш ихээр ажиллаж байна. Өнөрөөгийн ланд-300, Өнөрөөгийн нүүрс, Өнөрөөгийн салалт, Өнөрөөгийн найз, Өнөрөөгийн хөрөнгө, Өнөрөө өнөрөө…. Бид ч үнэн юм болов уу гээд харах гэхээр нэг ширхэг ч баримт алга. Зүгээр л хов жив. Яагаад баримтгүйгээр хүнийг элдвээр бичиж байна. Харлуулах л ёстой, нэр хүндийг нь унагаах зорилготой учраас шүү дээ. Сүүлийн 10 хоногт энэ хүнийг харлуулах цахим ажиллагаа яалт ч үгүй өрнөлөө.
5. Хуулийнхан Өнөрөө эгчтэй холбоотой хууль бус зүйлс байгаа бол илрүүлээд, мөрдөөд, шалгаад цаашлаад хариуцлага хүлээлгэж болно. Үүнийг огт эсэргүүцээгүй, муйхарлаагүй. Зүгээр л процессоороо зөв яв л гэж шаардаад байгаа юм. Дэндүү их цаг, дэндүү их хүч, дэндүү их мөнгөөр энэ бүхэн болж байгаа нь ил байна.