Дэлхий нийтээр "ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр" өнөөдөр тохиож байна. Жил бүрийн 12 дугаар сарын 1-нийг дэлхийн улс орнууд ХДХВ, ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулах зорилгоор тэмдэглэдэг юм.
Энэ жил манай улс "ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр"-ийг "Олон нийтийн манлайллыг дэмжье" уриан дор тэмдэглэж байна.
Өнгөрсөн хугацаанд Монголд ДОХ-ын 367 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт халдварын 60 хувийг 25-39 насныхан эзэлж байгаа тухай ХӨСҮТ-өөс мэдээллээ. ХДХВ-ийн халдвартай амьдарч буй 20 эхээс 32 хүүхдийг ХДХВ-ийн халдваргүй төрүүлжээ. Эдгээрээс 12 эх давтан төрсөн байна. Мөн Монголд бүртгэгдсэн ХДХВ-ийн халдвартай хамгийн удаан хяналтад байгаа хүн 26 жилийн турш ретровирусийн эсрэг эмчилгээ, тусламж үйлчилгээнд тогтмол хамрагдаж байгаа аж.