МУИС-ийн Бизнесийн сургууль 2014 оноос эхлэн энтрепренүүдийн үндэсний чуулган амжилттай зохион байгуулж байна. Чуулганы зорилго нь шинэ бизнес эхлэх, шинэ санааг хөгжүүлэх, чадвартай хүмүүсийг олж илрүүлэх цаашлаад оюутнуудад энэ чиглэлийн мэдлэг чадварыг олгоход оршиж байгаа юм.
МУИС Бизнесийн сургуулийн Бизнес консалтинг төвийн захирал Ө.Гэрэлт-Од "Өмнө нь уг чуулган тусгай сэдвийн дор зохион байгуулагддаг байсан бол энэ жил ногоон бизнес ногоон технологид тулгамдсан асуудлуудыг олж илрүүлэх цаашлаад шийдвэрлэхэд зорьж байгаа юм. МУИС-ийн Бизнесийн сургуулиас зохион байгуулагддаг энтрепренүүдийн нэгдсэн чуулганд бизнесийн бүхий л хэвшлийн байгууллагууд эдийн засгийн салбар үйлдвэрлэлийн чиглэл үл хамааралтайгаар оролцдог байсан. Өмнөх жилээс эхлэн бид эдийн засгийн салбар буюу нийгмийн тулгамдсан асуудлыг онцлох сэдэв болгож чуулганы үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ удаа бид ногоон бизнес ногоон хөгжлийн асуудлыг онцлох асуудал болгон сонгон авч талуудын оролцоотой тодорхой шийдэлд хүрэхээр ажиллаж байна" гэв.
МУИС Бизнесийн сургуулийн Бизнес консалтинг төвийн ажилтан Т.Булганмаа "Өнгөрсөн жил хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууддаа уралдаан зарлаж, дөрвөн компани сонгож аваад зөвлөх үйлчилгээ үзүүлсэн. Үүний нэг нь Улаанбаатар ариутгал компани бөгөөд төсөл дээр нь зөвлөх үйлчилгээ үзүүлж, хөгжүүлэлт хийснээр энэхүү доктор нэртэй ус бий болсон юм. Өнөөдөр энтрепренүүдийн чуулгандаа 2022 оныхоо үр дүнг хэрэглэж байгаадаа маш их баярлаж байна" гэлээ.
Энтрепренүүдийн үндэсний чуулган гол зорилгоо амжилттай биелүүлж Монголын хөрсөнд шинэ бизнес эхлүүлж байна. Энэхүү чуулганы тусламжтайгаар нийгэмд тулгамдаад буй асуудлуудад шийдэл бий болж, үүсээд буй асуудлыг бодитоор шийдвэрлэхэд амар болж байна. Тэгвэл өнгөрсөн жил уг чуулганд оролцож төслөө бодит болгон хэрэгжүүлсэн Улаанбаатар ариутгал компанийн гүйцэтгэх захирал Ч.Отгонжаргал хэлсэн юм. Тэрээр "2022 онд хүнсний салбарыг хөгжүүлэх бизнес туршлага сэдвийн дор энтрепренүүдийн чуулганд Улаанбаатар ариутгал компани төслөө танилцуулж шалгарсан. Өнгөрсөн жилийн хугацаанд бид бизнес консалтинг төв болон бизнесийн сургуулийн багштай хамтраад аньс нэрсний шүүс болон эрдэс витаминтай доктор ус үйлдвэрлэсэн. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд хөнгөлөлттэй зээлд хамрагдсан юм. Өнгөрсөн жил хамтарч ажилласан бизнес консалтинг төв болон МУИС-ийн эдийн засгийн багшдаа баярласан талархсанаа илэрхийлье" хэмээлээ.