Газын зурваст гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхлээд зургаа хоногийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Хамас бүлэглэл 81 барьцааны хүнийг сулласан бол Израил хоригдож байсан 180 палестин хүнийг суллажээ.
Анх дөрвөн хоног л үргэлжлэх байсан энэ тохиролцоог талууд аль аль нь сунгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тухайлбал, Хамас бүлэглэлийн өндөр албан тушаалтан гал зогсоох хугацааг нэмж сунгах хүсэлтэй байгаагаа олон нийтэд илэрхийлжээ. Түүнчлэн Израильд хоригдож байгаа палестинчуудыг бүгдийг нь суллана гэвэл барьцаанд байгаа Израиль цэргүүдийг суллана гэдгээ хэлсэн байна. Эхний ээлжинд Хамас бүлэглэл барьцаанд байгаа хүүхэд, эмэгтэйчүүдийг суллаж байгаа юм. Уг тохиролцоонд зуучлагчийн үүргээр оролцож буй Катарын нийслэл Доха хотноо өчигдөр оролцогч талууд уулзсан байна. Үүнд Израилаас гадна Катар, АНУ, Египетийн төлөөлөгч нар багтаж буй. Тэд гал зогсоох хугацааг 1-2 хоногоор сунгана гэж ярилцсан талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.