Өнөөдөр Чингэлтэй Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгт хилийн хориг тавьсан юм. Улмаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг шүүхэд хилийн хоригийг цуцлах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй байна.
Энэ талаар тэр ярихдаа, “10 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн ерөнхий зөвлөлөөс над дээр хоёр гомдол гаргасан. Нэг нь шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн гэдэг үндэслэл байгаа юм. Хоёрдугаарт, шүүхийн нэр хүндэд халдлаа гэх үндэслэл байгаа юм. Энэ асуудал дээр цагдаа, прокурорын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулаад, яг сарын дараа буюу өчигдөр, хориг тавьсан энэхүү тогтоолыг танилцуулсан. Прокурорын зүгээс намайг оргон зайлах магадлалтай байна гэж үзээд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хилийн хоригийг өнөөдрөөс эхэлж тавьж буйг мэдэгдсэн.
Өмнө нь би худал мэдээлэл тараах, гүтгэх зүйл ангиар 47 удаа шүүх цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Энэ хугацаанд дуудсан цагтаа очиж мэдүүлэг, тайлбараа өгдөг байсан. Оргон зайлсан зөрчил огт гаргаагүй. Би хууль зөрчдөг хүн биш. Миний ажил, амьдрал, үр хүүхэд энд байна. Би монголоос хаашаа ч явахгүй. Дуудсан цагт нь мэдүүлгээ өгч хэрэг шалгах явцад саад учруулахгүй гээд хүсэлтээ өгсөн боловч энэ хүсэлтийг минь хүлээж авсангүй. Би хаашаа ч явахгүй л дээ. Дарга нартай ижилхэн шувуу болоод нисэх биш дээ” гэсэн юм.
Эх сурвалж: Зариг.мн