УИХ дахь АН-ын бүлгээс “Тусгаар тогтнол” үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барьж буй талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, “хулгай биш бодлого ярьдаг улс төрийг бий болгоход анхаарч ажиллахаа онцолсон юм.
Тэрээр, "Дээрх хуулийн төсөл үндсэн гурван үзэл баримтлалтай юм.
Энэ нь:
- Үндэсний баялгийг олон нийтийн хяналтад оруулах замаар иргэдийг өмчтэй болгох,
- Ирээдүйдээ өр биш өв үлдээдэг тогтолцоо руу шилжих,
- Тогтворжуулалтын санг бий болгож, тогтвортой өсөлт рүү чиглэе гэсэн гол агуулга бүхий хуулийн төслийг өргөн барьж байна.
Төр нь баян байна гэсэн уриатай нам засгийн эрхийг барьж байна. Энэ нь сүүлдээ дарга нь баян болоод хувирчихлаа. Энэ жилийн улсын төсвийг түүхэн дээд хэмжээгээр баталлаа. Ингэхээр авлигатай тэмцэх нь битгий хэл авлига улам ихсэнэ.
АН-ын бүлгээс эрх чөлөөний болон татварын багц хуулиуд дээр бодлогын шийдэл гаргаж ажиллана. Хулгай биш бодлого ярьдаг улс төрийг бид анхаарах цаг нь болсон. Монголчууд 2000 оноос хойш уул уурхайн баялгаар 83 орчим тэрбум ам.долларын борлуулалт хийсэн талаарх Дэлхийн банкны тайлан байдаг. Энэхүү борлуулалтын дөнгөж нэг хувийг монголчууд зөв зохистой ашиглаж хуримтлуулсан байна. Баялгийн сангийн зохицуулалт ямар шаардлагатай байгааг энэ тоо харуулж байгаа юм" гэв.