Израил болон Хамас бүлэглэлийн хийсэн тохиролцооны дагуу Газын зурваст дөрвөн өдөр гал зогсоож, даваа гарагт хугацаа нь дуусах байсан.
Харин талууд тохиролцсоны үндсэн дээр Газын зурваст дахин хоёр өдөр гал зогсоохоор боллоо. Ингэснээр тус бүс нутаг руу хүмүүнлэгийн тусламж нэвтрэх боломжтой болж байна. Мөн талууд барьцааны хүмүүс болон хоригдлуудыг нэмж солилцох нөхцлийг бүрдүүлж байгаа юм.
Тухайлбал, эхний дөрвөн өдөр Хамас бүлэглэл барьцааны 69 иргэнийг сулласан бол энэ удаа нэмж 20 хүн суллахаар болжээ. Нөгөө талд, Израилийн засгийн газар тус улсын хорих ангиудад байгаа 150 палестинчуудыг сулласан юм. Аль алинд нь хүүхэд эмэгтэйчүүд болон гадаад орны иргэд багтаж байна.
Хэдий Газын зурваст зургаан хоногийн турш гал зогсож байгаа ч энэ хэлэлцээр дуусгавар болмогц Израилийн талаас дайралт ширүүсэж болзошгүй байна. Израилийн ерөнхий сайд Б.Нетаньяху гал зогсоосны дараа Хамас бүлэглэлийг бүрэн устгах ажиллагаагаа эрчимжүүлнэ гэж сануулж байсан удаатай билээ.