Австралийн засгийн газар ирэх оны 1-р сараас эхлэн нэг удаагийн электрон тамхины импортыг хориглохоор боллоо. Түүнчлэн нэг удаагийн электрон тамхийг Австралид үйлдвэрлэх, сурталчлах, нийлүүлэхийг зогсоох шинэ хуулийн төслийг ирэх сард танилцуулах аж.
Эдгээр арга хэмжээ нь тус улсад нэг удаагийн электрон тамхийг бүр мөсөн хориглох томоохон санаачилгын хүрээнд хэрэгжиж эхлэх гэж байгаа юм. Угтаа “vape” буюу электрон тамхийг тамхинаас гарах хэрэгсэл гэж анх сурталчилж байсан боловч энэ нь эргээд нэг үеийнхнийг никотинд донтуулж байгаа талаар Австралийн эрүүл мэндийн сайд анхааруулжээ.
Электрон тамхи нь никотин, хиймэл амт оруулагч болон бусад олон төрлийн химийн бодис агуулсан лити баттерей агуулсан бүтээгдэхүүн. 2021 оноос хойш Австралийн ямар ч иргэн эмчийн зөвшөөрөлгүйгээр электрон тамхи худалдан авах, импортлох боломжгүй болсон ч үүнийг үл харгалзан донтолын түвшин нэмэгдсээр байгаа аж.
Энэ оны эхээр Сиднейн их сургуулиас хийсэн судалгаагаар Австралид 14-17 наснтнуудын дөрөвний нэгээс илүү хувь нь электрон тамхи хэрэглэдэг гэсэн бол Австралийн хавдар судлалын төвөөс явуулсан судалгаагаар мөн энэ насны бүлгийн хүүхдүүдийн 10 хүн тутмын 9 нь электрон тамхи татах, хэрэглэх нь амархан байгааг олж тогтоожээ. Энэ оны 5-р сард Австралийн засгийн газар ийм төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн ч өнөөг хүртэл тодорхой ажил хийгдээгүй байсан юм.
Австралийн эрүүл мэндийн сайд Марк Батлерийн хэлснээр нэг удаагийн электрон тамхины импортыг 1-р сарын 1-нээс эхлэн хориглох ба 3-р сар гэхэд цэнэглэдэг гэх мэт бусад электрон тамхийг мөн хориглохоор эрмэлзэж байгаа аж. Электрон тамхины урт хугацааны сөрөг үр дагавар одоо ч судлагдаж байгаа гэдгийг ДЭМБ, эрүүл мэндийн мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм.