Сүүлийн долоо хоногт улсын хэмжээний нийт амбулаториор 200 гаруй мянган хүн үйлчлүүлсний 5.4 хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн томуугийн үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга А.Бурмаа мэдээллээ.
Тэрээр, "Улсын хэмжээнд 10 мянган хүн ам тутамд 36 хүн томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон.
- Улаанбаатар хотод 30 хүн,
- Орон нутагт 41 хүн өвчилсөн. 10 мянган хүн амтай харьцуулсан үзүүлэлт мөн өмнөх долоо хоногоос нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Мөн томуу, томуу төст өвчний шалтгаантай түргэний дуудлага нэмэгдсэн. Нийт дуудлагын 40 гаруй хувь нь нийслэлд бүртгэгдсэн байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн дунд уушгины хатгалгаа, бронхит зэрэг хүндрэлээр хэвтэж байгаа хүмүүс 16.3 хувийг эзэлж байгаа. Харин томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 84 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүнээс дөрөв хүртэлх насныхан 60 гаруй хувийг эзэлж буй юм.
Түүнчлэн амьсгалын замын цочмог хүнд халдвараар хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 90 хувь нь 15 хүртэлх насныхан байна. Үүнээс дөрөв хүртэлх насныхан мөн 60 гаруй хувийг эзэлж байна. 300 мянган хүнд дархлаажуулалт хийсэн бөгөөд энэ сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд 87.1 хувьтай явна. Нийслэлд 83 орчим хувьтай явж байгаа. КОВИД-19 үед авч байсан урьдчилан сэргийлэх арга хэмжээг томуу, томуу төст өвчний үед ч бас авах хэрэгтэй" гэв.