Өрөг.мн сайтын дөрвөн жилийн ой тун удахгүй тохиох гэж байна. Бид дөрвөн жилийн хугацаанд сэтгүүл зүй ёс зүйн кодоо эрхэмлэж, “Ёс зүйтэй мэдээлье” уриан дор мэдээ, сурвалжилга, контент, нэвтрүүлгүүдээ бэлтгэн үзэгч олонд хүргэсээр ирсэн юм. Ойн баярыг угтан Өрөг.мн сайтыг дэмжиж үнэлдэг эрхмүүдийн нэг болох сэтгүүлч С.Будрагчаа дараах зүйлийг хэллээ.
Тэрээр, “Одоогоос дөрвөн жилийн өмнө "Өрөг.мн" сайтыг үүсгэн байгуулж байгаа гэдгээ Сэтгүүлч У.Болортуяа, Б.Болорчимэг нар дуулгаж байлаа. Тухайн үед тэр хоёр, “Анх удаа хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд нь өөрсдийгөө зарлаад, хувьцаа эзэмшигч нь ийм ийм хүмүүс, улс төрөөс хараат бус шүү” гэж хэлж байсан. Энэ нь их "содон" байсныг хэлэх ёстой.
У.Болортуяаг би нэлээн эртнээс мэднэ л дээ. "Eagle" телевизэд байхаасаа л "Эрэн сурвалжлагч" нэвтрүүлгээ хийгээд тухайн үедээ "Үнэний төлөө" шагналыг аваад л 29-р сургуулийн асуудлаар Монгол Улс орон даяар бөөн дуулиан шуугиан тарьж байсан.
Тэгээд "Өрөг.мн" сайтаа байгуулахдаа, "Эрэн сурвалжлагч У.Болортуяа" нэвтрүүлгээ хийж эргэн ирж байлаа. Би өөрөө яг энэ чиглэлээр дагнан ажилладаг хүн болохоор У.Болортуяагийнхаа нэвтрүүлгүүдийг шимтэн үздэг. Сүүлийн үед хийж буй "Улс төрийн задлан" нэвтрүүлэг нь үнэхээр гоё бөгөөд сонирхолтой. Миний хувьд хэдийгээр нийгэмд болж байгаа бүх үйл явдлуудыг үзэж чаддаггүй ч гэсэн яг мэргэжил нэгтэй, салбартаа төрөл жанр нэгтэй найзуудынхаа нэвтрүүлгүүдийг зав гаргаж заавал үздэг. Хоёр найз маань бүтэн дөрвөн жилийг амжилттай үдээд, өнөөдөр маш амжилттай, одоо үзэгчдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн "Мэргэжлийн редакци"-ийг төлөвшүүлж чадсанд нь маш их баяр хүргэе. Амжилт хүсье” гэлээ.
Ташрамд дурдахад Өрөг.мн сайтын гарын арван хуруунд багтах хамт олон үзэгч та бүхэнтэй өөр өөр өнгө аясыг мэдрүүлсэн олон төрлийн сошиал контент хийгээд, том хэмжээний нэвтрүүлгүүдээрээ тогтмол учран золгодог билээ. Бидний хичээл зүтгэл шингэсэн бүтээлүүдийг таашаан хүртэж, оюунлаг шүүмж харамгүй хайрладаг үзэгч та бүхэнд баярлалаа.