Өвлийн идэш-2023 өргөтгөсөн худалдаа нийслэлийн 10 байршилд болж байна. Уг өргөтгөсөн худалдаа өчигдөр буюу арван нэгдүгээр сарын 28-наас эхэлсэн бөгөөд арван хоёрдугаар сарын 3-н хүртэл үргэлжлэх юм. Тэгвэл уг үзэсгэлэн худалдаанд малчдын худалдаалж буй махны чанар, эрүүл аюулгүй байдалд дүн шинжилгээ хийсэн эсэх талаар иргэдийн шүүмж цахим орчинд гараад байгаа юм. Үүнийг Нийслэлийн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хяналт эрсдэлийн үнэлгээний хяналтын хэлтсийн дарга Х.Нямбаатараас тодруулахад "Одоогийн байдлаар малчдын худалдаалж буй маханд шинжилгээ хийгээгүй. Иргэдийн гомдлын дагуу хийнэ. Махны асуудал дээр мал эмнэлгийн хяналтын байцаагч нар хяналт тавиад ажиллаж байгаа. Мах худалдаалж буй орчны цэвэр аюулгүй байдалд манай байгууллага холбогдоогүй. Өөр газар харьяалагддаг. Манай байгууллага зөвхөн махны гарал үүсэл, чанар аюулгүй байдалд анхаарлаа тавьж байна" гэлээ.
Тэгвэл мах худалдаалж буй орчны талаар Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын улсын байцаагч Б.Цэрэнханд тодруулга өгсөн байна. Тэрээр “Энд цэгт борлуулах махны жинг баталгаажуулж, мөн л эрүүл ахуйн шаардлага хангаж байна уу гэдгийг хянаж байна. Сайхан эрүүл мах авч ирээд газар тавьж борлуулах нь зохисгүй гэдгийг хэлсэн.
Жишээлбэл газраас хөндий байлгах зорилгоор подоон /модон тавцан/ хаанаас авч ирэх вэ гэдгийг ярилцаж байна. Малчид машины тэвшинд ачсан мах руу олон дахин гарч, бууж байгаа тул нэг удаагийн хувцсаар хангах хэрэгтэйг хэлэлцэж байна” гэжээ.