МУИС-ийн Бизнесийн сургууль нь 2014 оноос эхлэн Энтрепренүүдийн үндэсний чуулган-IX зохион байгуулж байна. Чуулганы зорилго нь шинэ бизнес эхлэх, шинэ санааг хөгжүүлэх, чадвартай хүмүүсийг олж илрүүлэх мөн оюутнууддаа тэр чиглэлийн мэдлэг чадварыг олгох цаашлаад их сургууль бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ерөнхий агуулга нь дор явагддаг талаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Н.Батнасан мэдээллээ.
Тэрбээр, “Өмнө нь уг чуулган тусгай сэдэвтэй зохион байгуулагддаг байсан бол энэ жилийн тухайд ногоон энтрепрен гэсэн уриалга дор зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлаа хийж байна.
Тогтвортой хөгжил гэдэг бол бид өнөө үеийнхээ хэрэгцээ шаардлагыг хангахтай ирээдүй үеийнхээ боломжийг бууруулахгүй байх ёстой гэдэг зарчим дээр суурилж хөгждөг. Тэгэхээр бид нөөц баялгаа шавхсан эдийн засгийн бүтэц тогтолцоотой яваад байх юм бол урт хугацаандаа Монгол Улс тогтвортой хөгжих нь бэрхшээлтэй болно. Тэгэхээр одооноос бид бизнесээ яаж ногоон болгох уу, байгалийн нөөц баялгаа үр ашигтай бүтээлч байдлаар ашиглах вэ гэх асуулт урган гарна. Тиймээс хүмүүсээ бэлдэх, бизнесээ бэлдэх шаардлагатай байна. Иймээс энэ сэдвийг сонгож энтрепренүүдийн чуулганыг зохион байгуулахаар болж байна.
Бид анх энтрепрений талаар ойлголт бага байсан. Тэгэхээр энэ ойлголт их сургууль төдийгүй олон нийтийн дунд хүчтэй боллоо. Үүнийг ойлгодог ярьдаг хүмүүс олон болсон байна. Нэг дэх ололт нь энэ. Хоёр дахь зүйл нь гэвэл бид энэ чиглэлийн зарим хичээлийг хөтөлбөртөө оруулж чадсан. Энэ бол хоёр дахь том дэвшил. Гуравт нь манайд хамтарч үйл ажиллагаа эрхэлж байсан олон Start-Up компаниуд нэлээн том компани болоод хөгжсөн байна. Дараагийн ололт нь томоохон бизнесийн байгууллагууд энтрепренийг ойлгодог энэ чиглэлд бас хөрөнгө оруулдаг дэмждэг хандлага үүсэж байгаа нь том ололт гэж харж байна” гэв.