Нийслэлийн прокурорын газраас эрүүл ахуйн шаардлага хангаагүй махан бүтээгдэхүүнийг худалдах, түгээхийг завдсан гадаадын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-нд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.
“Эм Ди Си Пи” ХХК-ийн захирал, БНХАУ-ын иргэн Ч.Б нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтийн баруун дэнжид байрлах байранд “Мах боловсруулах үйлдвэрлэл”-ийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 2018 онд авсан байна.
Улмаар 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 234 мянган кг мах, махан бүтээгдэхүүнийг дулааны аргаар боловсруулж бэлтгэхдээ нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, амь нас хохироож болох нянтай, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг зориуд худалдах, түгээхийг завдсан.
Мөн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Ховор ургамлын жагсаалт”-д орсон зүүн гарын гоёо гэх ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.12 дугаар зүйлийн 4, 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн энэ оны гуравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байсан.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг энэ оны тавдугаар сард хэлэлцэн нянгийн бохирдолтой мах бэлтгэж, борлуулахыг завдсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгаж байв. Харин ховор ургамлын жагсаалтад багтдаг зүүн гарын гоёог зохих зөвшөөрөлгүй хадгалсан үйлдэлд нь торгох ял оноожээ.
Гэвч анхан шатны шүүхийн эл шийтгэх, цагаатгах тогтоолыг Нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Тус шүүхээс прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй хэмээн үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болжээ.