Энэ оны тавдугаар сард Интерпол хэн гэдэг нь тогтоогдоогүй цогцоснуудын мэдээллийг олон нийтэд дэлгэсэн. "Identify me" буюу "Намайг тань" гэх вэбсайт дээр цогцоснуудын онцгой таних тэмдэг, өмссөн байсан хувцас, эд хэрэгсэл, хаанаас олдсон зэрэг мэдээллүүдийг байршуулжээ.
Тухайн вэбсайт дээр тавигдсан нэгэн эмэгтэй баруун гарын шуун дээрээ хар өнгийн цэцэг, яг доор нь байх "R'Nick" гэх бичиг бүхий өвөрмөц шивээстэй байсан бөгөөд тэрхүү шивээснийх нь зургийг ах нь харж дүүгээ таньжээ. Уг эмэгтэй нь 1992 онд Бельги улсын Антверпен хотод алуулсан байдалтай олдсон бөгөөд цагдаа нар өдийг хүртэл хэн гэдгийг нь тогтоож чадаагүй юм. Тэгвэл өнгөрсөн мягмар гарагт Британи улсын иргэн Рита Робертс байсныг мэдлээ. Тэрээр Бельги улсад ажиллахаар очоод гэр бүлээсээ сураг тасарсан байж. Хамгийн сүүлд холбоо барьсан өдрөө нас барсан байж гэдгийг гэр бүлийхэн нь ийн 31 жилийн дараа мэдэж байна. Түүний хэргийн талаар өгөх мэдээлэл, аллагын гэрч байвал мөн вэбсайтаар мэдээлэл өгөхийг хүсэж байгаа юм. Тухайн вэбсайт дээр Бельги, Нидерланд, Германаас олдсон нийт 22 эмэгтэйн цогцосны талаарх мэдээлэл байгаа аж.