Эрх чөлөөт, ардчилсан Монгол улсын хууль сахиулах байгууллага хэвлэн нийтлэх эрхээ хэрэгжүүлсэн сэтгүүлчид хэрэг тохож, айлган сүрдүүлэх үйл ажиллагаа явуулж байгааг УИХ дахь Ардчилсан Намын бүлэг эрс буруушааж байгаа талаар цахим хуудаснаа илэрхийлж, мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг улам гаарч, нийгмийн бүх түвшинд шударга бус байдал, хулгай, луйвар, хуулийн завхрал нэвт шингэсэн энэ цаг үед үнэнийг илчлэх, эрх баригчдын бусармаг үйлдлийг ил болгох нь иргэн бүрийн журамт үүрэг мөн. Эрх баригчдийн үнэн төрхийг илчилж байгаа үзэг, микрофоноос өөр зэвсэггүй сэтгүүлч бол улс орныхоо хувь заяа, тусгаар тогтнолыг хамгаалан зогсож байгаа баатар юм.
УИХ дахь Ардчилсан Намын бүлэг, бүлгийн гишүүд бид хэвлэн нийтлэх, мэдээлэл олж авах, түгээх хууль ёсны эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө эрх баригчид, хууль сахиулах байгууллагуудын шахалт, айлган сүрдүүлэлтэд өртсөн сэтгүүлч, иргэн, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг ямагт хамгаалах болно.
Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг барьж хорьдог, залхаан цээрлүүлдэг эрх баригчдын бусармаг үйл ажиллагаа газар авч, хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийн эрх чөлөөнд халдан өргөжиж байгааг яаралтай таслан зогсоохыг эрх баригчдаас шаардаж байна” хэмээн бичжээ.