МУИС-ийн Бизнесийн сургууль санаачлан Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганыг 2014 оноос тасралтгүй зохион байгуулж байна. Монгол Улсад энтрепренерийг хөгжүүлэхэд төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг сайжруулахад оролцогч талуудын олон талт ажиллагааг чиглүүлэх, энтрепренерийн боловсрол түгээхэд төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, их дээд сургуулиудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахад уг чуулганы үйл ажиллагаа чиглэгддэг.
Ес дэх удаагийн чуулган “НОГООН БИЗНЕС ЗАГВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ,ТУРШЛАГА” сэдвийн хүрээнд “Ногоон бизнес – Тогтвортой хөгжил” уриан дор зохион байгуулагдана. Чуулганы үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮ-ийн газар, Ойн газар, Усны газар зэрэг байгууллагууд бодлого, зохицуулалтын асуудлаар, МУИС-ийн багш нар Ногоон бизнесийн боловсролын асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨУҮГ, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар ариутгал компаниуд ногоон бизнес загвар хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй туршлагаа энтрепренерүүд, бизнес эрхлэгчидтэй хуваалцах болно. Түүнчлэн МУИС-ийн багш нар ногоон хөгжил, бизнесийн чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдээ танилцуулна.
Чуулган 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр МУИС-ийн Номын санд 502 тоот өрөө өрөөнд 09:00-17:00 цагийн хооронд болно. “Ногоон бизнес загварыг хөгжүүлэх боломж, туршлага” чуулганд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чиглэлээр оролцох хүсэлтэй бүхий л байгууллагуудыг урьж байна.
Монголын энтрепренерүүдийн хөгжилд хувь нэмэр оруулах, хамтран хөгжих хүсэлтэй Та бүхэн чуулганы үйл ажиллагаанд өргөнөөр оролцоно уу.