Өрөг.mn сайт, Бизнес өрөг нэвтрүүлэг АНУ-ын Чикаго хотод ажиллаж, амьдарч байгаа Монголчуудынхаа ярилцлагыг та бүхэндээ цувралаар хүргэж байгаа билээ. АНУ-д 40 орчим мянган Монголчууд ажиллаж амьдардаг. Түүнээс Чикаго хотод хамгийн олон буюу 15 мянган Монголчууд амьдардаг. Энэ удаа бид олон улсад эрэмбээрээ хоёрт ордог том авиа компани United Airlines компанид 17 дахь жилдээ онгоцны үйлчлэгчлээр ажиллаж байгаа Б.Цэрэнбаттай ярилцлаа. Тэрээр мөн Чикаго дахь Монголчуудын холбоог удирдаж ажилладаг юм. Түүнтэй бид Чикаго хотын О’Hare онгоцны буудал дээр нислэгт гарахаас нь өмнө ярилцлаа.
Бидэнд цаг гаргасанд баярлалаа. United Airlines компанид анх ямар шалгуураар орж байсан бэ?
Би компанидаа 2006 оноос хойш 17 дахь жилдээ ажиллаж байна. Анх сургуулиа төгсөөд ажил хайж яваад л орсон. Тухайн үед хамгийн гол нь харилцагчийн үйлчилгээ буюу бусадтай харилцах чадварыг харж авч байсан. Тэгээд л аз таараад орсон байх.
Та яаж тийм туршлагатай байв?
Тухайн үед миний хоёр зүйл анхаарал татсан байх. Нэгдүгээрт би тэр үед алдартай ресторанд зөөгч хийж байсан. Миний ажиллаж байсан ресторан Чикагогийн топ, том ресторан байсан юм. Тэнд ажиллаж байсан гэхээр л тэгвэл асуудалгүй харилцагчийн үйлчилгээний туршлагатай юм байна гэж байсан. Хоёрдугаарт би Америкт ирсэн түүхээ би товч ярьсан. Америкт 21 настайдаа ирээд өдий хүртэл хэл сураад, гэрийнхнийгээ авч ирээд ингээд явж байна гэж өөрийнхий түүхийг хуваалцсан. Тэр бас анхаарлыг нь татсан байх гэж боддог.
Ажлынх нь сайхан нь юу вэ? Их ажилтай байдаг уу?
Ер нь бол онгоцны үйлчлэгч гэдэг залуу хүний хувьд тохиромжтой гоё ажил гэж би боддог. Олон газраар явж, олон хүнтэй тааралдана. Монголчуул явсан хүнээс үг дуул гэдэг дээ. Тэр нь мэдээж сайхан. Харин гэр бүлтэй болоод, олон жил ажиллаад ирэхээр гэртээ байх сонирхолтой болчихдог юм байна. Одоо би ихэвчлэн өдрийн нислэг авдаг. Манай бага зургаан настай болохоор би ихэндээ л өглөө таван цагт нислэгтээ яваад өдөр нэг цагт Нью-Йоркийн нисэх буудал орчихоод л буцаад ирдэг ч юм уу, тиймэрхүү нислэгт гарна. Сардаа нэг удаа олон улсын нислэгт явдаг. Манай компани есөн төрлийн онгоцтой, 180 мянган ажилтантай, 22 мянган онгоцны үйлчлэгчтэй. Түүнээс манай Чикагод гэхэд л таван үйлчлэгч ажилладаг. Миний хувьд ямар ч төрлийн онгоцонд ажиллах сертификаттай.
Авиа компанид ажиллахад цалин хангамж сайн гэж ярьдаг?
Тийм. Миний хувьд бол болоод л байдаг. Ер нь онгоцны үйлчлэгч, нисгэгч болоход ямар ч авиа компани ажилласан эхний эхний таван жил хамгийн хэцүү. Цалин хангамж бага байна. Яг хаашаа нисэхээ мэдэхгүй. Компани хаашаа яв гэнэ тийшээ л явна. Олон хоног гэрээсээ явна. Нэг гарахдаа 5-6 хоног явж магадгүй гэж бодоод л хувцас, хоол ундаа бэлдээд л гардаг байсан. Удах тусмаа, ажилласан жилээсээ шалтгаалаад цалин өснө, нислэгээ өөрөө сонгоод явчихдаг. Олон жил ажиллах тусмаа гоё нислэгүүддээ явна. Би 17 жил ажилласан учраас өдрийн нислэгтээ явж байна. Сонирхуулж хэлэхэд, манай компанийн хамгийн олон жил ажилласан үйлчлэгч 1961 оноос хойш ажиллаж байгаа. Бид нар багадаа бодоход 21 настай ажилд орсон байх гэхээр одоо 80 гарчихсан хүн ажиллаж байна.
Аялалд гарахдаа хүн юу юу бэлдэх хэрэгтэй байдаг вэ?
Америкийн аялалын компаниудын судалгаагаар ази хүмүүс аялахдаа сүрхий хүмүүсийн тоонд ордог. Шалгалт удаан, дугаар ихтэй байвал ази хүний ард очиж дугаарлаарай гэж би зөвлөдөг. Яагаад гэвэл ази хүмүүс олон хэрэгтэй хэрэггүй юм авч явдаггүй. Гүйлгээ ухаан сайтайд тооцогддог юм билээ.
Та нар дэлхийн аль ч авиа компаниар явсан байнга өөрсдийн халуун савтай уух юмаа аваад явж байвал зүгээр. Онгоц саатах эрсдэл бий. Мөн цүнхэндээ хөнгөн идэх юмтай, оо, шүдний сойзтой, олон давхар хувцастай явах хэрэгтэй. Америкийн онгоцууд их хүйтэн байдаг. Ази онгоц дулаахан гэх мэтчилэн ялгаатай.
Ер нь манай азийн авиа компаниудын үйлчилгээ илүү сайн байгаад байдаг. Ер нь дэлхийн шилдэг компаниудад Сингапур, Korean airlines, Японы авиа компани гээд ази комданиуд их дээгүүр ордог. Тэр дунд би МИАТ компанидаа их сэтгэл хангалуун байдаг. Дэлхийн хамгийн цэвэрхэн онгоцуудтай компанид орно. Тэгээд Бээжин Улаанбаатар хооронд хоёрхон цагийн нислэгт хоол хүргэлт өгдөг. Тэр бол тийм амархан ажил биш.
Баярлалаа таны ажилд амжилт хүсье.