Яармагийн 300 ортой эмнэлэгт бага насны хүүхдүүдэд тариа андуурч хийсний улмаас биеийн байдал хүнд байна гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага тус эмнэлэг дээр очиж, шалгалт хийж байгаа аж.
Энэ талаар ЭМЯ-наас "Хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон байна, яамнаас ажлын хэсэг очсон.
Тариа андуурсан зүйл байхгүй. Сувилагч нь шөнө цагийн тариагаа бүгдийг шприцэд соруулж тавиад хийсэн нь хүүхдүүдэд реакц өгсөн байна.
Ажлын хэсгээс тодорхой мэдээлэл ирэхээр өгнө" гэж байв.
ЦЕГ-ын ХМТ-өөс "Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 24-ний 09:11 цагт иргэнээс “Хан-Уул дүүргийн Яармагт байдаг Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд нялх хүүхдэд өөр тариа хийсэн байж магадгүй” гэх мэдээлэл ирсэн.
Мэдээллийн дагуу дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх үед зарим сайт энэ талаар мэдээлэл нийтэлж байх тул үнэн зөв, эх сурвалж бүхий албаны мэдээллийг үндэслэж байхыг зөвлөж байна" гэсэн юм.
Тэгвэл дөнгөж сая тус эмнэлгийн удирдлагын зүгээс хариу тайлбар өглөө. Тус эмнэлэгийн дэд захирал хэлсэн үгэндээ: "Бид нар шөнөжин ажилласан. Шөнийн 12:00 цагаас хойш бүгд бүрэн бүрэлдэхүүнээрээ дуудагдаж ажилласан.
Нийт 21 хүүхдэд тариа хийх явцад эхний хүүхдээс уг урвал илэрчээ. Нийт 17 хүүхдэд гурван тарианаас болж урвал өгсөн байна. Тариаг эмчийн зааврын дагуу эмчлүүлэгч хүүхдүүдэд хийсэн" гэв.
Яармагийн эмнэлэгт 4 сартайгаас 12 настай хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байна.
"Цагийн тариаг нь одоогоор сольсон учраас хүүхдүүдийн биеийн байдал харьцангуй тогтворжсон байна.
Эмнэлгийн байгууллагын зүгээс хугацаа нь дууссан тариа хийсэн зүйл байхгүй.
Харин сувилагчийн хувьд процедурын алдаа гаргаад тариагаа хурдан шахсан тохиолдол байх шиг байна. Үүнээс болж тухайн хүүхдүүдэд хариу урвал илэрсэн байж болзошгүй. Сувилагчийн хувьд улсад 20 гаруй жил ажилласан туршлагатай" хэмээв.