Сэм Алтман “Open AI” компанийн гүйцэтгэх захирлаар эргэн томилогдлоо. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр компанийх нь ТУЗ түүнийг гэнэт халах шийдвэр гаргаж, хиймэл оюуны салбарынхныг шуугиулж амжсан.
Улмаар Сэм Алтманыг Microsoft компани хиймэл оюуны судалгаа, хөгжүүлэлтийн багаа ахлуулахаар өөрсдийнхөө багт урьсан юм. Харин өчигдөр Сэм Алтман өөрийн X хуудаснаа “OpenAI” компани ТУЗ-ийн гишүүдээ шинэчлэхээр болсон талаар мэдэгджээ.
Үүнд хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл нь “Open AI” компанийн ажилчид байж магадгүй талаар хэвлэлүүд онцолж байна. Учир нь түүнийг гэнэт халах шийдвэр гарсны дараа “Open AI”-ийг хамтран үүсгэн байгуулагч тэргүүтэй 700 гаруй хүн тус компаниас гарна гэдгээ хэлсэн юм.
Тэд ТУЗ-ийн гишүүдийг шинэчлэхийг, Сэм Алтманыг эргэн авчрахыг нэн тэргүүнд шаардаж байв. Ийнхүү Сэм Алтман эргэн ажилдаа очихоор болж, Microsoft-ын гүйцэтгэх захирал Сатя Наделла ч энэ шийдвэрийг нь хүндэтгэж буйгаа илэрхийлжээ. Учир нь Microsoft компани бол “Open AI”-ын хамгийн том хөрөнгө оруулагч ажээ.