Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд цээжний хөндийн битүү гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээг эх орондоо нутагшуулан эмнэлгийн тусламж үйлчилгээнд өдгөө зургаа дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд алсын дуудлагаар 18 аймагт очиж яаралтай мэс засал хийснээс гадна орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор ажлын байранд нь сургалт явуулж, үзлэг оношилгоо болон мэс засал эмчилгээг хамтран хийж байгаа юм байна. Энэхүү ажлын үр дүнд Дорноговь, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтэл, мэс заслын тасагт цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг эмчлэх суурь багажтай болсноор энэ төрлийн мэс засал эмчилгээг хийж эхэллээ.
Цаашид цээжний хөндийн битүү гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээг бусад аймагт нэвтрүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхжуулахад анхаарч, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн хамт олон зорилтот томоохон ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: ЭМЯ