Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар өвлийн спортын төрлүүд болох цана, тэшүүр, биатлон, хоккей, люж чарга, кёрлингийн холбоодын удирдлагуудыг хүлээн авч албан уулзалт хийсэн байна.
Уулзалтаар “Канвон 2024” Залуучуудын өвлийн IV Олимп, “Милан-Кортина 2026” Өвлийн XXV Олимпын наадмын тухай мэдээллийг хүргэж, баг тамирчдын бэлтгэл ажлын тухай болон тоног төхөөрөмж, барилга байгууламжийг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр хэлэлцэв.
МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар МҮОХ-ноос өвлийн спортын төрлүүдэд түлхүү анхааран ажиллаж буйг онцолж, 2022-2023 оны хугацаанд цана, тэшүүр, кёрлинг, биатлон, хоккейн дасгалжуулагчид болон тамирчдад чиглэсэн олон улсын нийт 6 хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлснийг дурдлаа.
Түүнчлэн “Ханбогд кашмер ХХК” болон “Kelme” брэндээс “Канвон 2024” Залуучуудын Олимпод оролцох баг тамирчдын хувцсыг эхний байдлаар танилцуулж, санал солилцжээ.
Дашрамд дурдахад одоогоор “Канвон 2024” Залуучуудын Олимпод оролцохоор манай уулын цана, гүйлтийн цана, биатлоны нийт 11 тамирчин эрхээ хүртээд байна.