
“Дахиад өгөх амь алга, одоо зогс” хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хэлэлцүүлэгт, Батлан хамгаалахын яам, Зэвсэгт Хүчний жанжин штаб, Хууль зүй дотоод хэргийн яам, Хүний эрхийн Үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ зэрэг байгууллагуудын төлөөллүүд оролцож буй юм. Мөн Цэргийн алба хаагаад амиа алдагсдын ар гэр болон эрүүл мэндээрээ хохирсон цэргүүд өөрт тохиолдсон зүйлсийг ярьж байна.
Энэ үеэр хүүгээ алдсан ээж дараах зүйлийг хэлж, гомдолтой байгаагаа илэрхийллээ.
Хохирогчийн ээж: Би өнгөрсөн шөнө Хөвсгөл аймгаас ирлээ. 2022 онд ДХИС-д суралцаж байсан хүү маань өөд болсон. Юу болсон гэхээр, Хүү минь тухайн сургуульд элсээд удаагүй карентинд гарсан юм. Тэр үед хүүгийн минь бие муудаж, “ханиад хүрлээ, хоолой өвдлөө” гээд эмчдээ үзүүлэхээр ороход эмч нь, “арамзаа аваад зайл. Наана чинь өчнөөн хүүхэд бий. Чи худлаа баашилж орж ирлээ” гэж хэлсэн байсан. Энэ явдлаас хойш хүүгийн минь хөл гэмтсэн ч эмчдээ хэлж чадаагүй байсан юм. Дахиж хөөгдөхөөс айгаад шүү дээ.
Дараа нь утсаар ярихад хацар нь шалбараад хөхөрчихсөн байсан. Би яасныг нь асуухад, “Ээж ээ энэ бол эр хүний сургууль. Шанаа хүртэж сурдаг юм аа. Тиймээс сургуулийн захиргаа руу битгий ярь. Хэрвээ яривал хүү нь алуулна шүү дээ. Сургуульгүй болно” гэсэн юм. Хүний хүүхдийг цагдаа болгоно. Боловсон хүчин бэлтгэнэ гэж авч явчхаад дэглээд байж байдаг. Дараа нь дахиад утсаар ярихад, “ээжээ би эмнэлэг дээр байна. Манай ангийн хүүхдийг гуравдугаар курсын ах нар зодож эрүүг нь хугалаад, ухаан алдуулаад шкафан дотор нуучихсан байсан. Тэр ах нар сургуулиас хөөгдөх юм шиг байна. Бид хэд найзыгаа ээлжээр сахиад эргэж байгаа” гэсэн.
Үүгээр зогсохгүй хүүг минь жолооны үнэмлэхтэй гэхээр сургуулийнх нь багш, ажилтнууд юм уу эсвэл дээд курсынхан нь шоудахдаа машин бариулаад аваад явчихдаг. Өглөө 7 цагт хичээлдээ суугаад 19 цагт тардаг хүүхэд шөнөжин хүний жолооч хийхээр яаж хичээлээ ойлгож, сурах юм бэ. Явахгүй бол бидний ална л гэдэг гэж тайлбарласан.
Зургаадугаар сарын 12-ны шөнө хүү минь ангийнхаа гурван хүүхэдтэй хамт байсан байгаа юм. Миний хүү тэр шөнө есөн давхраас унаж нас барсан. Ангийнхан гурван хүүхдээс гадна нийт долоон хүүхэд байсан юм билээ. Маргааш өглөө нь би энэ мэдээг сонссон. Ингээд миний хүү өөрөө амиа хорлосон болсон. Энэ хугацаанд сургуулийн захирал, багш гээд ганц ч хүн надтай яриагүй. Арав гаруй хоногийн дараа би ангийнх нь даргатай холбогдож байж нэг багштай холбогдсон.
Хүүгийн минь унаж амиа алдсан байрны орчим дахь камерын бичлэгийг үзэхэд тухайн өдрийн 18:00-03:00 цаг хүртэлх бичлэг байгаад, үүнээс хойшх нь устсан байсан. Тэгэхээр асуудал сэжигтэй байгаа биз дээ. Энэ сургуульд юу болоод байна аа. Өчнөөн аавын хүү, ээжийн охид сурч байгаа шүү дээ. Ингээд л би хайран сайхан 20-хон настай хүүгээ алдсан. “Ээж ээ би эх орны хүү боллоо шүү дээ” гээд хөөрч, дүүлээд явж байсан үр минь өнөөдөр тэнгэрт хальчихсан. Тэгэхээр ДХИС-д өчнөөн “но” бий” гэв.