“Дахиад өгөх амь алга, одоо зогс” хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хэлэлцүүлэгт, Батлан хамгаалахын яам, Зэвсэгт Хүчний жанжин штаб, Хууль зүй дотоод хэргийн яам, Хүний эрхийн Үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ зэрэг байгууллагуудын төлөөллүүд оролцож буй юм. Мөн Цэргийн алба хаагаад амиа алдагсдын ар гэр болон эрүүл мэндээрээ хохирсон цэргүүд өөрт тохиолдсон зүйлсийг ярьж байна.
Энэ үеэр 2009 онд Зэвсэгт хүчний 014 дүгээр хугацаат цэргийн ангид алба хааж эрүүл мэндээрээ хохирсон иргэн н.Чинбат дараах зүйлийг ярилаа.
Тэрээр, “Би 12 жилийн турш эмийг хоол шиг хэрэглэж байна. Намайг гэмтээсэн Нарантулга гэх хүнийг би тэр үед л харсан. Дахиж хараагүй. Уг нь би эр хүн болохын тулд, өөрөө хүсээд цэргийн алба хаахаар шийдсэн юм. Түүнээс биш эрүүл мэнд, амьдралаараа хохирох гэж очоогүй. Монгол улсын иргэн би үндсэн хуульд заасан үүргээ биелүүлэх гэж л явсан.
Цэрэгт явснаас хойш хоёр жилийн дараа унаж татдаг болсон.Одоо 70 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан. Надад зургаан хүү, нэг охин бий. Өнгөрсөн хугацаанд миний хувьд төрөөс нэг ч удаа мөнгө нэхээгүй. Харин хүүхдүүддээ би юу гэж хэлэх вэ. Тэр тусмаа зургаан хүүдээ би юу хэлэх вэ. Цэрэгт яваад зодуулж ийм байдалд орсноо яриад суух хэрэг үү.
Нарантулга гэх хүн миний зүүн тархи руу өшиглөсөн. Тэр хар өдрийг би одоог хүртэл санаж байна. Яагаад гэвэл би одоог хүртэл өвдөж байгаа учраас мартахгүй байгаа юм. Ажил олгогчид намайг голдог. Эрүүл мэндийн асуудлаас болж шүү дээ. Би зодуурын мишок болох гэж цэрэгт яваагүй. Магнизм гээд эм бий. Сэтгэцэд нөлөөлж, булчин сулладаг. Энэ эмийг цэрэгт явсан олон хүн хэрэглэж байна. Тухайн үеийн цэргийн ангийн удирдлагууд, манай ээжид хэлэхдээ, “Хүүхдийг чинь насаар нь харж, хамгаалах болно” гэж ам гарсан. Би хэрэгтнийг одоо хүртэл хараагүй. Сүүлд сураг сонсоход тэр этгээд цэргийн дарга хийж байгаа сураг байсан. Хариуцлага тооцдоггүй юм аа гэхэд шилжиж байгаа цэргийн анги руу нь мэдэгдэл өгч, хийсэн хэргийнх нь талаар тэмдэглэгээ хийж болдоггүй юм уу. Тэгвэл ийм хэрэг цаашид гарахгүй шүү дээ.
Энд цэргийн албанаас халагдаад 40 жилийн турш өвдсөн хүн байна. Өвдсөн хүн өвдсөн хүнээ ойлгоно. Намайг хөдөлмөрийн 100 хувийн чадвартай эрүүл байхад авч явчхаад, 70 хувийн алдагдалтай болгоод явуулах нь байж болох хэрэг мөн үү. Гэсэн ч би долоон хүүхдээ тэжээх чадалтай байна. Би эрүүл байсан бол үүнээс илүү байх байсан.
Нэгхэн зүйлийг асууя. Би зургаан хүүгээ цэрэгт явуулах юм уу? Үгүй юу?” гэв.