АНУ-ын Чикаго хотод 2023 оны арваннэгдүгээр сарын 2-4ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Монголын өдрүүд – 2023” арга хэмжээг Өрөг.мн сайт хамтран зохион байгуулж, мэдээллийг та бүхэндээ цувралаар хүргэж байгаа билээ.
“Монгол өдрүүд” арга хэмжээг Экспорт олон улсын худалдааны төв (EITC) санаачлан ЖДҮГ-ын дэмжлэгтэйгээр энэ жил найм дахь удаагаа АНУ-д зохион байгуулж байгаа юм.
Энэ жилийн арга хэмжээ:
- “Монголд үйлдвэрлэв” – Монголын 50 орчим ААН-үүдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн дэлгүүр нээлтээ хийв
- “Invest Mongolia” – Америк, Монгол бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын форум
- “Welcome to Mongolia” – Монголыг сурталчилах фестиваль
- Монголын кино өдрүүд гэсэн хөтөлбөртэйгээр үргэлжиллээ. Арга хэмжээний мэдээллийг та бүхэндээ цувралаар хүргэж байна.
Монголын өдрүүд арга хэмжээг анх санаачлан Америкт найман жил дараалллан зохион байгуулж байгаа Экспорт олон улсын худалдааны төвийн захирал Д.Оюунбилэг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, Гадаадад бидний бараа бүтээгдэхүүнийг сурталчилах, танилцуулах арга хэмжээнүүд ховор. Энэ нь худалдааны агентлаг байдаггүйтэй холбоотой. Худалдааны яам, худалдааны төлөөлөгчийн газрууд ч байдаггүй. Тэгэхээр бид өөрсдийгөө таниулах сурталчилах арга хэмжээг тасралтгүй хийж байх шаардлагатай. Энэ хүрээнд “Mongolian days” буюу Монголын өдрүүр арга хэмжээ болдог юм.
Анх 2015 онд үүнийг санаачлан хийж байхдаа монголын бизнес эрхлэгчид энэхүү зах зээлийг хараасай, хэрэглэгчээ судлаасай, энэ зах зээлд нэвтрэх боломж байгаа шүү гэдгийг ойлгоосой гэдэг утгаар эхлүүлж байсан. Өнөөдрийн манай оролцогчид ч хэлж байна. Жишээ нь Америкийн хэрэглэгчид гялгар юманд дургүй. Би дараагийн түвшинд яаж оролцох вэ гэдгээ өөрөө ойлгочихлоо, мэдэрчихлээ гээд байж байгаа нь энэ арга хэмжээний хамгийн том ололт амжилт. Энэ найман жилийн хугацаанд Монголоос 180 гаруй бизнес эрхлэгчид визээ аваад наашаа цаашаа зорчдог болчихсон. Америкийн элчин сайдын яам бидний маш сайн дэмжээд, 10 жилийн виз олгодог. Тэр хэмжээгээрээ бизнес нь өргөжөөд явж байгаа аж ахуйн нэгжүүд ч бий.
Хамгийн их борлуулалт хийгдсэн, хамгийн их худалдаа хийгдсэн жил бол 2019 оны Дэлхийн банкны оффис дээр болсон арга хэмжээ маань. Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр бид их олон боломжуудыг авч байсан. Бизнесүүд маань хөрөнгө оруулалт татах эхлэлүүд нь тэндээс үүдэлтэй. Дэлхийн 89 орон тэр банкан дээр байрладаг юм. Тэд нэг дороос, нэгэн зэрэг олон мэдээлэл хүргэж байсан нь ололт байсан. Манай анхны оролцогчдоос Америкийн хэрэглэгчдийн захиалгыг хийгээд байнга үйлдэрлэдэг үйлдвэрүүд байна. Говь компани гэхэд 2015 онд бүтээгдэхүүнээр оролцоод 2016 онд Шалурь гээд брэндтэй нэлээн томоохон хэмжээний гэрээ зурж байсан юм. Тэсо корпораци л гэхэд 2019 онд Дэлхийн банкан дээр болсон арга хэмжээн дээр хөрөнгө оруулалтын төслөө танилцуулаад сая долларын төслөө цааш нь явуулах, санхүүжилтээ олох зэрэг ажилтууд бий" гэсэн юм.