Хуурамчаар хүний царай болон дуу хоолойг өөрчилж засварлах боломжтой программ ашиглаж, Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хичээлийн шинэ жилээр нийтэлсэн дүрс бичлэгийг хувирган, хятадаар ярьж буй 38 секундийн видео тараасан нь олон нийтийн анхаарлыг татаад байсан юм.
Энэ хэргийн талаар Цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Уг бичлэгийг Монгол Улсын иргэн М, А нар нь цахим орчинд түгээж, үндэсний тусгаар тогтнол, эв нэгдлийг эвдрэлцүүлэх, бусдын нэр төр, алдар хүндэд халдах, илт худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон” гэв.
Улмаар энэ сарын 20-нд тухайн этгээдүүдээс сэжигтнээр мэдүүлэг авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5-д заасны дагуу шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилжээ.
Түүнчлэн сэжигтэн М, А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасны дагуу "худал мэдээлэл тараах" гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж буй юм.