Дэлхийн допингийн эсрэг агентлаг буюу WADA-гаас жил бүр хориотой эм бодисын жагсаалтыг шинэчлэн батлан гаргадаг. Тодруулбал хориотой эм бодисын жагсаал жил бүрийн нэгдүгээр сарын 01-нээс тогтмол шинэчлэгдэж байдаг гэсэн үг.
Тэгвэл Дэлхийн допингийн эсрэг агентлаг буюу WADA-гаас 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн "Трамадол"-ыг хэрэглэхийг хориглож байгаа аж.
Трамадол нь дунд болон хүнд хэлбэрийн өвдөлтийг эмчлэхэд ашигладаг синтетик опиоид өвдөлт намдаах үйлдэлтэй эм юм.
Энэ нь заримдаа тамирчдын спортын гэмтлийн улмаас өвдөлтийг эмчлэхэд ашиглагддаг. Мөн хориотой жагсаалтын “Хар тамхины” ангилалд багтдаг.
Трамадол нь олон янзын найрлагад байдаг бөгөөд өөр өөр улс оронд олон янзын брэндийн нэрээр зарагддаг.
Брэнд нэрсийн жишээнд: Tramal, Tramedo, Tramake, Zydol зэрэг орно. Өөр олон брэндийн нэр байдаг тул тамирчид өөрийн улсад ямар брэндийг жороор олгодог болохыг эмч, эм зүйчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй.