Аливаа улс орны ирээдүйн залгамж халаа, хойч үе бол яахын аргагүй хүүхэд, залуус шинэ үеийн төлөөлөл байдаг. Энэ ч утгаараа бид бүхэн цэцэг цэврүү шиг насан дээрээ яваа үед нь хүүхэд, залуучуудаа яг тэр төлөвших үе дээр нь буюу өсвөр насанд нь зөв залж, чиглүүлэн суурийг нь тавьж өгөх хэрэгтэй. Иймээс л бидний мөн насанд хүрсэн хүмүүсийн хүн бүрийн оролцоо сэтгэл чухал.
Иймдээ ч өсвөр үе, хүүхэд залуус, нийгэм рүүгээ чиглэсэн олон зорилтот ажил зохион байгуулдагийн нэг нь "Эрүүл амьдралын жигүүр" ТББ юм.
"Эрүүл амьдралын жигүүр" ТББ нь 2019 онд үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа тогтмол явуулсаар иржээ. Олон төсөл хөтөлбөр, үйл ажиллагаа нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зохион байгуулдаг туршлагатай хамт олон. Мэргэшсэн залуу эмч нараар багаа бүрдүүлсэн чадварлаг баг тус байгууллагад ажилладаг.
Энэ удаад тэд өсвөр үеийнхэнд зориулсан зорилтот "Жигүүр" төслийг эхлүүлж байна. "Жигүүр" төсөл нь:
1.Эрүүл мэндийн
2.Санхүүгийн
3.Сэтгэлзүйн боловсролыг тус тус олгох зорилготой.
Төслийн үндэслэл:
- Улсын хэмжээнд 2019 оны байдлаар 1000 эмэгтэйд 18,9 үр хөндөлт ногдож буй статистик гарчээ. Энэ бол хүн амын тоотой харьцуулаад авч үзвэл маш том дүн юм.
- Мөн Монгол улсад өсвөр насны хүүхэд болон 29 хүртэлх насны залуусын дугд амиа хорлолт жил бүр нэмэгдсээр байна.
- Дэлхийн банкнаас Монгол Улсын иргэдийн санхүүгийн боловсрол хийсэн судалгааны үнэлгээгээр Монголчуудын санхүүгийн боловсрол маш муу гарчээ.
Эдгээр гурван асуудал дээр "Жигүүр" төслийн гол зорилго чиглэгдэх ажээ. Төслөө явуулахдаа
- Хотын сургуулиудын 35 хувь
- Аймгийн төвийн сургуулийн 71 хувь
- Сумын сургуулийн 80 хувь нь эрүүл ахуйн шаардлага хангасан бие засах газаргүй байгааг НҮБ-ийн хүүхдийн сангийн тоон мэдээлэлд дурьджээ.
"Эрүүл хүн" гэдэг нь:
- Бие махбодийн хувьд эрүүл
- Сэтгэлзүйн хувьд амар тайван
- Нийгмийн хувьд тогтвортой хүнийг хэлнэ.
Иймээс "Жигүүр" төсөл эрүүл мэндийн боловсролтой, сэтгэлзүйн хувьд тогтвортой, санхүүгийн эрх чөлөөтэй нөлөөлөгчийг иргэдийг бэлтгэхийн тулд зорьж ажиллах юм байна.
Эхний ээлжинд нийслэлийн бүс бүрээс тус бүр нэг ЕБС сонгон авч, IX, X, XI дүгээр ангийн 2000 өсвөр үеийн хүүхдүүдийн дунд зориулан "Жигүүр" төслөө явуулахаар төлөвлөжээ.
Төслөөр дамжуулан зөв дадал хэвшлийг амьдралынхаа хэв маягт нэвтрүүлсэн хүүхдүүдэд хүсэл эрмэлзэл, үйлдэл, оролцоог нь харж дүгнээд "урамшуулал" олгох юм.
Урамшууллыг олгохдоо:
- Төслийн үндсэн урамшууллууд
- Зөвхөн өөрт нь зориулсан саналууд
- Төсөлд оролцогч байгууллагуудын бэлэг зэргээр олгохнээ.
Тус төслийн хүрээнд дадлын хөтөлбөрийг нийт 52 долоо хоног буюу 2024 оны нэгдүгээр сарын нэгнээс 2025 оны 01-р сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлүүлнэ. Нийтдээ 156 сэдвээр эрүүл мэнд, сэтгэлзүй, санхүүгийн боловсролын чиглэлээр мэргэжлийн багш, эмч нар сургалтыг удирдан явуулна. Ингэхдээ хамгийн "сонирхолтой" хэлбэр буюу танхим, воркшоп, видео, рийлс, анимэйшн, вэб кино, подкаст, гарын авлага, гар утасны апликэйшн зэргээр бүх платформыг ашиглан явуулах учраас нөлөөллийн хүрээг өргөн цар хүрээтэйгээр харж байгаа ажээ.
Мөн дөрөвдүгээр сургуулийн ариун цэврийн өрөөний стандарт тохижилтыг хийхээр төсөлдөө тусгасан байна.
"Жигүүр" төслийн үйл ажиллагаа, түүний явц, онцлог, ач холбогдлын талаар "Өрөг.мн" сайтын хамт олон нийтэд мэдээ мэдээллийг түгээхээр "Эрүүл амьдралын жигүүр" ТББ-тай хамтран ажиллах болно.
Өсвөр үеийнхэнд далайцтайгаар гурван чиглэлээр боловсрол олгох "Эрүүл амьдралын жигүүр" ТББ-аас эхлүүлж буй "Жигүүр" төслийн галт тэрэг эхний зогсоолоосоо ийн хөдөллөө.
Харин одоо өсвөр үеийн хүүхдүүд та бүхэн энэхүү төсөлд идэвхтэй оролцож, зөв зам руугаа ирээдүй рүү тэмүүлж, өөрийгөө хөгжүүлж нэгэн шат ахихын төлөө чармайлт гаргахыг уриалж байна. Монгол улсын ирээдүй болсон та бүхэнд амжилт хүсье.