Аргентиний ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтаар “хэт барууны” буюу либертари үзэлтэй Хавиер Милэй ялалт байгууллаа.
Түүний өрсөлдөгч, эдийн засгийн сайд Сержио Масса ялагдлаа хүлээн зөвшөөрсөн байна. Тэрбээр Хавиер Милэй рүү утасдаж, баяр хүргэсэн аж. АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трамп Хавиер Милэйд баяр хүргэж, “Аргентинийг дахин агуу болго” хэмээн өөрийнхөө уриа үгэнд Аргентинийг орлуулж хэлжээ. Аргентины инфляц нэмэгдэж, эдийн засгийн хямрал нүүрлэсэн үед тус улсы шинэ ерөнхийлөгчтэй болж байна. Хавиер Милэй эдийн засгийн асуудал тулгамдсан энэ цаг үед төв банкаа буулгана гэж хэлсэн нь олон нийтээс ийм өндөр санал авахад нөлөөлжээ. Тодруулбал, нийт санал өгсөн хүмүүсийн 90 хувийнх нь саналыг тоолоход 56 хувь нь Х.Милэйд санал өгсөн байна. Буэнос-Айрес хотод дэмжигчиддээ хандан хэлсэн үгэндээ Х.Милэй “Аргентины сэргээн босголт өнөөдөр эхэлж байна. Аргентины уналтын үе дуусаж байна” гэжээ. Мөн тэрбээр дэлхий дээр зэрэгцэн оршиж буй чөлөөт орнуудтай мөр зэрэгцэж, хамтдаа сайн сайхан ирээдүйг бүтээнэ гэв. Хавиер Милэйг АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп, Бразилийн удирдагч асан Жаир Болсонаро нартай зүйрлэх нь түгээмэл. Тэрбээр улс төрийн туршлага багатай ч энэ нь түүнийг олон нийтэд сурталчлах чухал хэрэгсэл болж чадсан.
Түүний ам.долларыг улсынхаа мөнгөн тэмдэгт болгох тухай амлалтыг дэмжигчид нь алга ташин хүлээж авсан. Гэвч ам.долларыг үндэсний мөнгөн тэмдэгтээ болгох нь санхүүгийн сүйрэлд хүргэж болзошгүй гэж олон эдийн засагчид анхааруулж байгаа юм. Жилийнх нь инфляци 140 хувьтай, таван хүн тутмын хоёр нь ядуу амьдарч байгаа тус улсад Хавиер Малей ерөнхийлөгч болсноор Аргентинчууд уламжлалт улс төр, эдийн засгийн сүйрлээс залхасныг харуулж байна.