АНУ-ын Чикаго хотод 2023 оны арваннэгдүгээр сарын 2-4ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Монголын өдрүүд – 2023” арга хэмжээг Өрөг.мн сайт хамтран зохион байгуулж, мэдээллийг та бүхэндээ цувралаар хүргэж байгаа билээ. “Монгол өдрүүд” арга хэмжээг Экспорт олон улсын худалдааны төв (EITC) санаачлан ЖДҮГ-ын дэмжлэгтэйгээр энэ жил найм дахь удаагаа АНУ-д зохион байгуулж байгаа юм.
Энэ жилийн арга хэмжээ:
- “Монголд үйлдвэрлэв” – Монголын 50 орчим ААН-үүдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн дэлгүүр нээлтээ хийв
- “Invest Mongolia” – Америк, Монгол бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын форум
- “Welcome to Mongolia” – Монголыг сурталчилах фестиваль
- Монголын кино өдрүүд гэсэн хөтөлбөртэйгээр үргэлжиллээ. Арга хэмжээний мэдээллийг та бүхэндээ цувралаар хүргэж байна.
АНУ-ын Чикаго хотод болсон “Монголын өдрүүд-2023” арга хэмжээн дээр уран бүтээлийн үзэсгэлэнгээ танилцуулсан зураач Чой.Ганбаатартай бид ярилцлаа.
-Таны хувьд Америкт хэд дэх удаагаа үзэсгэлэн гаргаж байна вэ? Уран бүтээлчид яагаад олон улсад зорих ёстой вэ?
-Би Америкт ирээд есөн жил болж байна. Вашингтонд байдаг. Тэнд би өөрөө студитэй. Манай студид 150 зураач бий. Дандаа гаднынхан. 150 оны зураачид гэсэн үг. Монголоос би л байгаа. Миний хувьд Америкт долоо найман үзэсгэлэн гаргасан бол хамтарсан арваад үзэсгэлэн гаргасан. Энд нэг ийм гоё эвент зохион байгуулаад Монголиан галерейгаас оролцооч гэх хүсэл тавьсан. Тэгээд яг Монголоо төлөөлөөд л оролцож байна даа.
-Ер нь Америкчууд манай монгол уран бүтээлчдийн уран бүтээлийг хэр зэрэг сонирхдог вэ?
-Сайн сонирхдог. Бидний стиль жанр нь өөр. Нэгдүгээрт бид нар маш сайн бодит зурж чаддаг. Энд арай өөр поп арт гээд өөр чиглэлээр фото зурган дээр үндэслэж, Пабло Пикассо зэрэг шиг зурдаг юм. Манайхан бол арай реалист. Зураачдын маань чадвар сайн болохоор хараад л зурагнуудыг нь гадны зураачдынхаас ялгачихдаг. Америкчууд бид нарын зургаас Монголын түүхийг сонирхоод байдаг. Их түүхтэй орон байна гээд л. Америк гэхэд л 300-аад жилийн л түүхтэй орон шүү дээ. Ер нь хүмүүс нь маш их зураг сонирхдог. Европоос ирсэн хүмүүс нь ч тэр. Польш, Итали, Германаас ирсэн хүмүүс нь урлагтаа нэвтэрхий дуртай.
-Та олон улсад гарах гэж байгаа уран бүтээлчдэд юу гэж зөвлөх вэ?
-Гүйцэтгэл дээрээ л анхаарах чухал. Тэрнээс манайх бусдаараа маш мундаг. Тайлбараа сайн хийх ёстой. Өөрийгөө сайн танилцуулах ёстой. Манай уран бүтээлчид маш хүчтэй. Хамгийн гол нь гараад ирээсэй л гэж боддог доо. Гараад ирчихвэл тэгээд бүх юм нь нээлттэй. Ямар ч оронд. Ганцхан Америк гэхгүй. Би Англид үзэсгэлэнгээ хоёр удаа гаргасан. Францад найман удаа гаргасан. Сингапур, Япон, Хятад, Орос гээд бие даасан үзэсгэлэн 40 гаруй бий.