АНУ-ын Чикаго хотод 2023 оны арваннэгдүгээр сарын 2-4ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Монголын өдрүүд – 2023” арга хэмжээг Өрөг.мн сайт хамтран зохион байгуулж, мэдээллийг та бүхэндээ цувралаар хүргэж байгаа билээ. “Монгол өдрүүд” арга хэмжээг Экспорт олон улсын худалдааны төв (EITC) санаачлан ЖДҮГ-ын дэмжлэгтэйгээр энэ жил найм дахь удаагаа АНУ-д зохион байгуулж байгаа юм.
Энэ жилийн арга хэмжээ:
- “Монголд үйлдвэрлэв” – Монголын 50 орчим ААН-үүдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн дэлгүүр нээлтээ хийв
- “Invest Mongolia” – Америк, Монгол бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын форум
- “Welcome to Mongolia” – Монголыг сурталчилах фестиваль
- Монголын кино өдрүүд гэсэн хөтөлбөртэйгээр үргэлжиллээ. Арга хэмжээний мэдээллийг та бүхэндээ цувралаар хүргэж байна.
АНУ-ын Чикаго хотод болсон “Монголын өдрүүд-2023” арга хэмжээний үеэр “Чикаго фэшн вийк” байгууллагын захирал Тони Лонг өөрийн загвар өмсөгчдийн хамт Хан богд кашмерийн шинэ коллекцийг танилцуулах загварын шоуг дэглэн үзүүллээ.
Энэ талаар Ханбогд кашимер ХХК-ийн үйлдвэрлэл хариуцсан захирал Д.Нямтунгалаг, “Манайх 10 гаруй орнуудад бүтээгдэхүүнээ экспортолдог. Энэ хүрээнд олон ч үзэсгэлэнгүүдэд ороход Монголын талаар нэг их сайн мэддэггүй. Бидний хувьд кашмер бол цагаан алт. Гаднынхан Монголыг ноолуураар нь таньдаг.
Мөн манай компанийн хувьд Нью-Йоркод Coterie үзэсгэлэнд бас амжилттай оролцсон. Техасын хэрэглэгчдэд шинэ коллекцийн морьтой загварууд их таалагдаж худалдан авалт хийж, захиалга өгсөн. Америк улсад болдог ноолуурын зах зээлийнхээ үзэсгэлэн болгонд оролцож, монгол бүтээгдэхүүнээ танилцуулснаар, борлуулалт сайжрах хандлагатай байна.
Өнөөдрийн арга хэмжээнд манайх хоёр дахь жилдээ оролцож байгаа. Монголоо ингэж нэгдсэн арга хэмжээгээр танилцуулж явбал жижиг дунд үйлдвэрлэгчид болон бусад ноолуурын үйлдвэрлэгч нарт нэлээн ач холбогдолтой. Ноолууран бүтээгдэхүүнээ дэлхийд таниулж экспортлох нь л бидний хамгийн том зорилго” гэлээ.