Хэрвээ уншигч авхай та мартаагүй бол 2022 оны 12-р сарын 3-ны өдөр нүүрсний хулгайчдыг илрүүл, тэдэнд хариуцлага тооц гэсэн агуулга бүхий жагсаал манай улсад болж, жагсагчид 20 гаруй өдөр жагсаж байв. Эхний өдрүүдийн жагсаалыг цагдаагийн байгууллага хүчээр тарааж, иргэд нүцгэлж, янз бүрийн хэлбэрээр эсэргүүцэл, бухимдлаа илэрхийлж байлаа. Тухайн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, "Нүүрстэй холбоотой шударга ёсны тэмцлийг Засгийн газар өнөөдрийг хүртэл дэмжсээр ирсэн. Бид нүүрсний асуудлыг гаргаж тавиад 21 хонож байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой төлөөлөгч томилон ажиллуулж байгаа. Улс төрчдийн нэр удахгүй тодорно. Үүнд цаг хугацаа шаардагдана. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар байгуулсан нүүрсний асуудлаар ажлын хэсэгт жагсагчдын төлөөлөл 100 хүртэл хүн орж болно. АТГ, ТЕГ, хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллана. Тэдэнд ажиллах боломжийг нь олгох ёстой. Нүүрсний асуудалд холбогдогчдоос жагсаал цуглааныг зориуд өдөөн хатгаж, турхирч байгаа хүмүүс ч бий. Үүнийг Монголын ард түмэн ялгаж салгаж, дүгнэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж байв. Үүнээс хойш Эрдэнэс Тавантолгой ХК-д БЭТ томилсон нь л ажил хэрэг болсноос бусад нь огт ажил хэрэг болоогүй байна.
Тухайлбал, нүүрсний хэрэгт холбоотой улс төрчдийн нэрсийг зарлана гэсэн ч тэр улс төрчдөөс нэг нь ч энэ бүтэн жилийн хугацаанд хөдөлшгүй баримтаар тогтоогдож, ял авч, хариуцлага хүлээсэнгүй. Нэр дурдагдсан Ц.Анандбазар, Ш.Раднаасэд, Б.Баттөмөр нарын таван их хурлын гишүүн ажлаа хийсээр, бид буруугүй хэмээн тайлбараа хэлсээр буй. Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нарыг нүүрсний хэрэгт холбоотой гэсэн ч Т.Аюурсайхан хослол, марк зарж баяжсан хэмээгээд буруугүй гэсээр буй. Ж.Мөнхбатын хэрэг хэрхсэн нь тодорхойгүй. Тэр баяр наадам хэсэж, гангалж гүйсээр… УИХ-ын гишүүнээсээ татгалзсан тэрээр харин ч амарч буй мэт.
Жагсагчдын төлөөллөөс 100 хүн оруулж, АТГ, ТЕГ-ынхантай хамтарч хэргийг шалгана гэсэн ч нүүрсний хэрэг шалгаж буй хууль хяналтын байгууллагын багт нэг ч жагсагч одоогоор байхгүй. Зууны луйвар, 40 их наядын хулгай гэх нүүрсний хэргийн өнөөгийн дүр зураг иймэрхүү.
УИХ-ын дарга Г.Занданшатар нүүрсний түр хороо байгуулж, сонсгол явуулах ажлыг эхлүүлсэн ч түр хорооны дарга Х.Нямбаатар хотын дарга болсон тул ажлаа өгөөд, Хууль зүйн шинэ сайд Б.Энхбаяр ажлыг нь аваад сар гаруй л болж байна. Ийнхүү сонгууль болоход зургаахан сар дутуу байхад нүүрсний сонсгол болно гэх тов нүүрсний жагсаалын жилийн ой дээр болохоор товлогдоод байна. Гэвч сонгууль дөхсөн энэ үед тэд нүүрсний сонсгол нэртэй жүжиг тавих уу, эсвэл үнэхээр шударгаар сонсголоо хийж, иргэдийг мэдээлэлжүүлж, юу болсныг таниулах уу. Тиймээс бид нүүрсний сонсголын түр хорооны зарим гишүүдээс, дарга Б.Энхбаяраас ам асуулаа.
– Нүүрсний сонсгол нэртэй жүжиг тавьж, хийсэн болж нэр хэмээх үү? Үнэхээр шударгаар сонсголоо хийж чадах эсэх талаар хэвлэлүүдээр бичсээр байна. Та тайлбар хэлээч.
-Тийм зүйл ярьж л байг. Надад ямар ч падгүй. Хийдгээрээ л хийнэ.
– Нүүрсний сонсголыг бэлтгэх хугацаа таны хувьд их ахар байлаа. Тиймээс шинжээчдээ нэмэв үү?
– Тийм ээ. Би ажлын хэсгийн ажлаа аваад сар л болж байна. Хөгжлийн банкны сонголыг бэлдэхэд би өөрөө бүтэн 6 сар сууж, бичиг баримт нухсан. Энэ удаад амжихгүй учраас таван шинжээчтэй багаа тэлж, 15 болгосон. Ер нь харагдаж байгаа шигээ огт амар биш шүү дээ.
Ажлын хэсгийн өмнөх дарга Х.Нямбаатар ажлаа өгсөн тул түүнийг оролж, Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажлын хэсэгт орсон. Нүүрсний хэрэгт хамгийн их холбогдох өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүн Ж.Бат-Эрдэнэ шударга ажиллаж чадах эсэх талаар нь ч мөн ам асуулаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, “Ойрын гээд юу байх вэ дээ. Нэг байгууллага, нэг яаманд ажиллаж байсан. Ажилласан болгонтойгоо очиж хүзүү сээрээ холбоод байна гэж юу байх вэ дээ. Миний хувьд төрийн ажлыг олон жил хийсэн. Төрийн зарчмаараа л ажиллана. Та бүхэн мэдэж байгаа. Яаман дээр тодорхой асуудал гарсан. Тухайн үед нь хариуцлагаа хүлээгээд ажлаа өгөөд явсан. Зарчим бол зарчим. Тэрнийхээ дагуу л ажиллана. Би өөрөө ч элдэв асуудалд хутгалдаагүй хүн. Хөгжлийн банкны сонсголд дотор нь орж ажилласан. Түүн шигээ л ажиллана” гэсэн юм.
Харин парламентад үнэмлэхүй олуулаа МАН-ын эсрэг дуугардаг түшээ цөөн. Тэдний нэг нь ХҮН-ын дарга Т.Доржханд. Гэвч хотын дарга Х.Нямбаатар түүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай дотнын анд хэмээн чуулганы танхимаас хэлсэн бол нүүрсний сонсгол хийх хяналтын түр хорооны ажлын хэсгийн дарга Б.Энхбаяр Т.Доржхандыг ажлын хэсгийн хуралдаа ирж суугаагүй талаар нь шүүмжилсэн. Өөрөөр хэлбэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын дотнын найз, нүүрсний сонсголын хуралдаа ирж суухгүй байгаа нь МАН-ыг хамгаалах алхам болж буй мэт дүр зураг харагдаж буй юм. Бид энэ талаар ч түүнээс асуулаа.
Тэрээр, “ Л. Оюун-Эрдэнэ нь байна уу, Д.Амарбаясгалан нь байна уу бид нар Америкт байхын л нэгнээ мэддэг хүмүүс. Би Л. Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг хулгайтай тэмцэж байгаад нь дэмжинэ гэдгээ ил тод хэлж байгаа. Тийм ч учраас оффтэйк гэрээнүүдийг ил болгосон, өөрөө нүүрсний сонсгол хийхийг санаачилсан. Бүгд миний бланкан дээр явсан шүү дээ. Ардын намын яг энэ хулгай хийсэн нөхдүүдтэй бол хариуцлага хатуу тооцно. Ардчилсан намын Ерөнхийлөгч байсан нөхөртэй бол хатуу хариуцлага тооцно. Түр хорооны сонсгол хэрвээ одоо ингээд хийгдэхгүй, ямар нэг шалтгаанаар хойшлуулах гэж байгаа бол тийм зүйл байхгүй шүү. Тэгэх юм бол талбайгаа ахиж дүүргэнэ шүү. Хариуцлагатайгаар хэлчихье” гэв.
Бухын доодхыг харж үнэг турж үхнэ гэх ардын зүйр үг бий. Хий хоосон хүсэн мөрөөдөж, юу ч үгүй хоцрох тухай хэлц. Анхнаасаа нүүрсний хулгайчдыг илрүүлэх нь ард түмэн бидний хувьд хий хоосон мөрөөдөл байсан юм биш биз. МАН бух болчхоод бид үнэгний дүрд орж яваа юм биш биз. Эрх баригч нам нүүрсний хулгайчдаа ил болгох хэргүүдээ илрүүлж, сонсголоо хийх нь үү? Хийсэн нэр зүүх нь үү? харж, хяналт тавих үүрэг иргэн танд очиж байна. Эс бөгөөс зууны луйвар үргэлжилж, Монгол бахь байдагтаа оршсоор…