Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Засгийн газрын гишүүн, Боомтын сайд, МАН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга нар намынхаа дүрмийг зөрчөөд удлаа. Учир нь МАН-ын дотоод дүрмийн 29.2-т зааснаар Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно гэж заасан байдаг. Мөн энэхүү дүрэмд нарийн бичгийн даргыг ч давхар ажил алба эрхлэхийг хориглосон байдаг аж. Өөрөөр хэлбэл Д.Амарбаясгалан, Б.Тулга нар нэг бол намынхаа даргын ажлыг өгөх, нэг бол төрийн албан тушаалаасаа татгалзах шаардлагатай байгаа юм. Гэвч тэдний шуналд хязгаар байсангүй. Намынхаа даргын ажлыг ч, төрийнхөө даргын ажлыг ч давхарлан хашин сууна. Эсвэл тэд намынхаа дотоод дүрмийг өөрчлөх шаардлагатай болов уу. Гэвч эс үйлдэл хийж, өдийг хүрэв.
Уг нь өнгөрсөн жилийн 12-р сарын 5-нд Д.Амарбаясгалан нарын энэ мэт асуудлыг хэлэлцэх МАН-ын Бага хурал болох байсан боловч нүүрсний жагсаал болж, 20 гаруй өдөр үргэлжилсэн тул юун хурал манатай болоод дууссан. Д.Амарбаясгалан, Б. Тулга нар энэ эрчээрээ сонгууль хүргэж, сонгуульд төрийн ч суудалтай, намын ч бяртай орохоор зэхэж буй бололтой. Намынхаа дүрмийг мөрддөггүй, нам нь ч дүрмээ мөрдөхийг шаарддаггүй, тоглоомын дүрмээ дураараа зөрчдөг эдгээр хүмүүс харин төрийн хуулийг биелүүлдэг болов уу. Эргэлзээтэй…