Дэлхий дахинаа Монгол орныхоо нэрийг гаргаж, соёлоо таниулан буй урлагийнхандаа талархъя. Сүүлийн өдрүүдэд Монголын уран бүтээлчид эх орныхоо нэрийг дэлхийд хэрхэн гаргаж буй талаар мэдээллийг та бүхэнд хүргэе.
МОНГОЛ ХААН ЖҮЖИГ АНГЛИД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Өнгөрсөн долоо хоногт нэрт зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжгийг найруулагч Б.Баатар нарын уран бүтээлчид Английн нийслэл Лондон хотноо толилууллаа. 2500 хүний суудалтай театрт эл жүжгийг үзэхээр танхим дүүрэн үзэгч иржээ. Одоогоор тэд хоёр удаагийн тоглолтоор 5000 хүнд жүжгээ толилуулаад байна. Англичууд угийн жүжиг, тоглолт үзэх өнө эртний соёлтой учраас “Монгол хаан” нэрээр тоглогдож буй уг жүжиг үзэгчгүй байна гэж байхгүй хэмээн урлаг судлаачид бичиж буй. Харин цахим орчинд Монголчууд уг жүжгийн баг хамт олныг төсвийн мөнгөөр Лондон явсан, яваагүй хэмээн олон талт шүүмж өрнүүлсээр байна.
THE HU МОДАНААС ГАРААГҮЙ ХЭВЭЭРЭЭ
Монгол хэмээх нэрийг дуурсгаж буй хамтлаг бол The Hu. Таван жилийн өмнөөс дэлхийд танигдсан тэд өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Сан франциско хотод тоглолтоо хийж, дараагийн тоглолтоо 11-р сарын 21-ээс эхлэн Австралийн гурван ч хотод толилуулах юм байна. Тэдний тоглолт үзэгч дүүрэн байгаа ба фэнүүд нь ахин ирэхийг урьсаар тоглолт өндөрлөдөг аж. Моданаас гаралгүй, эрэлттэй, олны талархлыг хүлээсэн хамтлаг хэвээр буй The Hu бол Монголоос дэлхийд танигдсан анхны хамтлаг билээ.
Э.АМАРТҮВШИН ДЭЛХИЙН ШИЛДЭГ ГЭДГЭЭ АХИН БАТАЛЛАА
Өдгөө Герман улсын дуурийн театрт олон жүжгүүдийн гол дүр бүтээж буй, дэлхийд данслагдсан баритон Э.Амартүвшин Итали улсад зохион байгуулагдсан “International opera awards” буюу дуурийн дэлхийн Оскар хэмээх нэр хүндтэй шагналын эзэн боллоо. Өмнө нь тэр энэ шагналыг 2021 онд хүртэж байсан ба дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг дуучин гэдгээ дахин баталсан юм. Э.Амартүвшингийн авсан шагналуудаас,
- 2011 он.П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны 2-р байр, /ОХУ-ын Санкт-Петербург хот/
- 2012 оны зургадугаар сар. “The Placido Domingo’s Operalia” тэргүүн /БНХАУ-ын Бээжин/ байр
- 2015 оны зургадугаар сар “Cardiff singer of the World” уралдаан
- Испанийн алдарт тенор Франческо Венасын нэрэмжит уралдаанаас мөнгөн медаль
- ВВС телевизээс жил бүр зохион байгуулдаг “Cardiff singer of the World” тэмцээнээс үзэгчдийн хүсэлтээр тусгай шагнал
- 2017 оны нэгдүгээр сар. Италийн алдарт “Сан Карло” театрт
- 2017 оны долдугаар сар. Италийн хамгийн эртний алдартай тайз болох Арена Ди Веронад
- 2018 оны гуравдугаар сар. "Bravo" Хүндэт шагнал хүртлээ
- 2018 оны долоодугаар сар. Ж.Вердийн “Набукко” дуурийн гол дүр Набуккод
- 2018 оны аравдугаар сар. "Массимо" театрт
- 2019 оны хоёрдугаар сар. Италийн Торино хотын “Театро Рэжио”-д авч байв.
Г.АРИУНБААТАР ДАХИН ШИЛДЭГ БОЛОВ
Монгол улсын нэрт дуучин Г.Ариунбаатар ОХУ-ын драм, хөгжимт жүжгийн театруудын дунд зохиогддог 27 дахь удаагийн "Алтан Софит" шагнал гардуулах ёслолд Верди "Набукко" дуурийн Набукко дүрээр нэр дэвшиж, 2023 оны "Дуурийн шилдэг эрэгтэй дүр”-ийн эзэн болов.
Тэрээр өмнө нь 2017 онд “BBC Cardiff Singer of the World” дэлхийн дуурийн дуучдын уралдаанд Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны хөгжим “Монголын тал” дууг дуулж, дэлхийд үнэлэгдэж, шилдэг таван дуучны нэгээр шалгарч байсан удаатай.
Тэрээр:
- 2011 онд М. И. Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын XXIV уралдааны шилдэг баритон, Павел Лисицианы нэрэмжит тусгай шагнал
- 2014 онд Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны тэргүүн байр
- 2015 онд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучнаар тус тус шалгарч байв.
Гурван сая гаруй хүн амтай, жижиг эдийн засагтай Монгол хэмээх улсыг дэлхийд эедүүгээр таниулан, сурталчилж яваа дуучид, бүжигчинд, зохиолч, найруулагч, уран бүтээлчдэдээ гүн талархал илэрхийлэн, мэхийе.
Зөөлөн хүчний бодлогод соёлын хэрэгслүүд ордог ба дэлхийн томоохон гүрнүүд соёлын элементүүдээрээ улс орноо дэлхийд таниулж, түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Бодит, ойрын, томруун жишээ бол Өмнөд Солонгос. Тэдний араас ороход бидэнд өдий байгаа ч Монголчууд авьяастай, хөдөлмөрч гэдгийг найман тэрбум хүнд харуулж буй чадварлаг уран бүтээлчид магадгүй Өмнөд Солонгосын араас нэхэх үүд хаалгыг нээж ч байж мэднэ ээ.