Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хятад хэлээр үг хэлж буй мэт бичлэг өчигдөр “Талын дуу хоолой” нэртэй Өвөрмонголын радиогийн фэйсбүүк хуудаст нийтлэгдэв. Нийтлэгдсэн даруйдаа олон зуун мянган хүнд хүрч, хүмүүс Ерөнхийлөгчийг “Хятад хэл мэддэг байсан юм уу, төрөлх хэлээрээ сайн ярьж байх шив дээ” зэргээр сэтгэгдэл бичиж, талцав. Энэхүү бичлэг нь хиймэл оюун ухаанаар бүтээсэн бичлэг буюу хуурамч юм. Энэ талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр цахим хуудастаа, “Олон нийтийн сүлжээ, цахим орчинд программ ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийг Хятад хэлээр мэндчилгээ дэвшүүлсэн мэтээр эвлүүлэг хийсэн бичлэг тархаж эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад хэлээр мэндчилгээ дэвшүүлээгүй, дэвшүүлдэггүй. Аливаа олон улсын хурал чуулганд зөвхөн эх Монгол хэлээрээ ярьдаг, мэндчилгээ дэвшүүлдэг” гэжээ. Энэхүү бичлэгийг анх нийтэлсэн Өвөрмонголын цахим хаяг харин хэдхэн цагийн дараа бичлэгээ устгасан байв. Гэвч тэрхүү бичлэгийг өөр олон цахим хаягууд хуулбарлан байршуулаад байна.
Хиймэл оюун ухаан өндөр хөгжиж буй өнөө цагт хүнийг яг өөрөө ярьж буй мэтээр бичлэг хийж цацах нь түгээмэл болсон. Манай улсын сонгууль болоход хагас жилийн хугацаа үлдсэн энэ үед хиймэл оюун ухааныг энэ мэт улс төрчдийг буруугаар илэрхийлэхэд ашиглаж болзошгүй юм.