2023 оны арван нэгдүгээр сарын 20-ноос 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Энэ сарын 20-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 21-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 19, 20-нд Алтайн уулархаг нутгаар, 21-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, 22, 23-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Арваннэгдүгээр сарын 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -21…-26 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -23..-28 градус, өдөртөө -14…-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус хүйтэн, өдөртөө -9…-14 градус хүйтэн байна.