Узбекистан улсын нийслэл Ташкент хотод жүдо бөхийн өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-17-нд болж өндөрлөлөө. Тэмцээнд 15 орны 181 тамирчин өрсөлдөж, охидын 70 кг-ын жинд Монгол улсын тамирчин Айлтгүйбаатарын Дуламсүрэн алтан медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүлэв.
Тэрбээр шигшээ барилдаанд Казахстаны бөхийг даралтаар цэвэр ялсан бол энэ жинд хүрэл медалийг Энэтхэг, БНСУ-ын тамирчид хүртжээ. Өсвөр үеийн Ази тивийн аварга А.Дуламсүрэнгийн анхны багш нь Архангай аймгийн Батцэнгэл сумын ЕБС-ын биеийн тамирын багш Б.Цогт бөгөөд одоогийн багш нь МУГТ Х.Эрдэнэт-Од юм. Бөхийн удамтай уг гэр бүлийн буюу А.Дуламсүрэнгийн аавынх нь төрсөн дүү нь Аймгийн арслан Л.Үйтүмэн, МУ-ын начин Л.Шинэбаатар, МУ-ын начин, Жүдо бөхийн ОУХМ, МУГТ Л.Отгонбаатар нар ажээ.