Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй Дэлхийн банкны санхүүжилттэй Экспортыг дэмжих төслийн хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-аас үзүүлж буй техникийн туслалцааны дагуу арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд Дэлхийн арьс ширний группийн байгаль орчны стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Уг ажлын хүрээнд Монгол Улсад анх удаа Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй “Булигаар” ХК болон “Арилдий” ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 20-нөөс 24-ны өдрүүдэд стандартын аттестатчилалд орох гэж байна.
Аттестатчиллыг дүгнэхээр Дэлхийн арьс ширний групийн зөвшөөрөгдсөн аудитор Ага Валкейвикз Монгол Улсад хүрэлцэн ирснийг Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж 2023 оны 11 дүгээр сарын 17-ны баасан гарагт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүлээн авч уулзжээ.