ХХХ Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржийг усан туулай жилийн өвлийн тэргүүн сарын шинийн таванд буюу өнөөдөр арслант ширээнд нь залах ёслол МБШ Төв гандантэгчэнлин хийдэд болж өндөрлөлөө.
Ширээнд залрах ёслолын үеэр МБШ төв гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам гэвш, лхаарамба Д.Жавзандорж хэлсэн үгэндээ:
Эрхэм хүндэт та бүхэнтэй хамтран уламжлалт бурханы шашин, соёлоо түгээн дэлгэрүүлэх их үйлсийн төлөө хичнээн зүтгэхээ илэрхийлж байна.
29-р Хамба номун хан, МУСГЗ Д. Чойжамц танд эрүүл энх, урт удаан нас буян номын үйлс тань арвидан дэлгэрэхийн ерөөлийг айлтгая аа.
Бурхан багшийн сургаалийн охь шим болсон хүмүүний ёс суртахуун энэрэн нигүүлсэх сэтгэл шүтэн барилдлагын ухааныг хувь хүний амьдрал, нийгмийн харилцаанд хэрэгжүүлэх нь хүн төрөлхтөний өмнө тулгарч буй олон асуудал, бэрхшээлийг даван туулах хамгийн үр дүнтэй арга зам гэдэгт итгэлтэй байдаг аа.
Өнөө хүртэл уламжлагдан ирсэн сүм хийдийн боловсролыг орчин үеийн боловсролтой уялдуулах, сүм хийд, шинжлэх ухааны байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, нийгмээ соён гэгээрүүлэх хүмүүнлэнгийн олон талт үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, бурханы сургааль номлолыг эх хэлээр унших, судлах боломжийг үе шаттай нэмэгдүүлэх зэрэг ажил хийнэ ээ.