
БНАСАУ-ын үе үеийн удирдагчдын хувийн мэдээлэл нууц байдаг. Одоогийн удирдагч Ким Жон Уны охин өнгөрсөн жилийн 11-р сарын 18-нд анх удаа олны нүдэнд ил гарахад БНСУ болон барууны хэвлэлүүд түүнийг “Ким Жү Э” гэдэг нэртэй хэмээн мэдээлж байсан.
Харин өдгөө тэтгэвэртээ гарсан БНСУ-ын тагнуулын албаны ажилтан түүний нэр өөр байх магадлалтай талаар мэдээлжээ. Тодруулбал, түүний жинхэнэ нэр нь Жү Э бус Еон Жу гэж БНСУ-ын тагнуулын үндэсний газрын албан тушаалтан асан хэлсэн байна.
Угтаа энэ мэдээлэл нь АНУ-ын сагсан бөмбөгийн од Деннис Родманаас гаралтай аж. Тэрбээр БНАСАУ-д хэд хэдэн удаа айлчилсан бөгөөд Кимийн гэр бүлтэй хооллож, охинтой нь танилцаж байснаа 2013 онд Гуардиан сэтгүүлд хуваалцаж байсан. Гэвч түүнээс сүүлд мэдээлэл авахыг хүсэхэд татгалзсан юм.
Энэ мэдээлэл баталгаагүй гэдгийг БНСУ-ын тагнуулын албаны ажилтан хэлсэн ч түүний жинхэнэ нэрийг нууж байгаа нь үнэн бол энэ охин БНАСАУ-ын ээлжит залгамжлагч байх магадлалтайг шинжээчид хэлж байна.