Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVI хуралдааны II хэлэлцүүлэг өндөрлөлөө. Уг хэлэлцүүлгээр нийслэлийн төсвөөс гадна нийтийн тээвэр, шахмал түлшний асуудлуудыг хэлэлцлээ.
"Тавантолгой түлш" ХХК-ийн менежменттэй холбоотой асуудлыг нийслэл хотыг хариуцуулахаар өмчийн хувьцаа эзэмшигч Эрчим хүчний яам болон "Эрдэнэс Монгол" ХК-иас удаа дараа санал өгч байгаа ажээ. Үүний хүрээнд Нийслэлийн ЗДТГ-аас гурван шаардлагыг биелүүлсэн тохиолдолд "Тавантолгой түлш" компанийг нийслэлийн өмчид "Компани" болгож зохион байгуулж авахад бэлэн байгаагаа хэлсэн байна.
-Нэгдүгээрт тус компанийн хуримтлагдсан бүх өрийг дарах, энэ нь НЗДТГ хариуцахгүйгээр, ямар нэгэн өр төлбөргүй хот хүлээж авахад бэлэн.
-Хоёрдугаарт бүтцийн өөрчлөлт хийх буюу одоо 3000 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа үйлдвэрийг 300 хүний бүрэлдэхүүнтэй ажиллуулахаар "бүтэц" хийгээд нийслэлээс бэлдэж байна. Яг энэ бүтцийн өөрчлөлтийг шилжих процесстой хиймээр байна.
-Гуравдугаарт Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй баруун хоёр үйлдвэр буюу нэг нь "Тэц 2"-ийн хашаанд, нөгөө нь СХД-ийн хорьдугаар хорооны нутаг дэвсгэрт байгаа, энэ хоёр үйлдвэрийг хаах нөхцөлтэй. Зөвхөн Налайх дүүрэгт байгаа үйлдвэр дээр нийслэлээс технологийн болон горимын, мөн бүтцийн өөрчлөлтийг хийгээд цаашид нийслэл жил болгон 300 тэрбум төгрөгний "татаас" олгохгүй, өөрөө өөрийнхөө зардлаа нөхдөг ийм зарчмаар ажиллах ёстой гэсэн эдгээр шаардлагуудыг боломжтой гэж үзээд биелүүлсэн тохиолдолд "Тавантолгой түлш" үйлдвэрийг нийслэл өөрсдөө шилжүүлж аваад, менежментээ зөв болгосны дараа "Хувьчлах асуудал" яригдана. Түүнээс биш жилдээ 300-350 тэрбум төгрөгний алдагдалтай, хуримтлагдсан өр нь "нэг их наяд" хүрч байгаа ийм үйлдвэрийг хувьчилж авах ААН олдохгүй гэж бодож байна гэдгийг мэдээллээ.