Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвд ажиллалаа. Сүүлийн жилүүдэд цахим гэмт хэргийн хохирогч болсон иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Иргэд цахим луйвар, залиланд өртөж, хохирогч болсны дараа биш, өмнө нь урьдчилан сэргийлэх, хувийн мэдээллээ алдсан, цахим гэмт хэргийн хохирогч болох эрсдэл үүссэн даруйд арга хэмжээ авч таслан зогсоох зорилготойгоор Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, өнөөдөр нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд цахим залилан, цахим халдлага, цахим мөрийтэй тоглоом гэсэн 3 төрлийн гэмт хэрэг эрс нэмэгдэж байна. Энэ төрлийн цахим гэмт хэргээс болж хохирсон иргэдийн хохирол мөнгөн дүн болон тоон дүнгээр ч нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд залилангийн гэмт хэрэг 14085 бүртгэгдсэнээс цахим орчинд үйлдэгдэж байгаа нь 97 хувийг эзэлж байна. 2018 онд манай улсад нийт 590 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2019 онд 641, 2020 онд 1281, 2021 онд 3865, 2022 онд 7708 цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл сүүлийн 5 жилийн хугацаанд буюу 2018 онд үйлдэгдсэн цахим залиланг 2022 оны сүүл үетэй харьцуулахад цахим залилангийн гэмт хэрэг 15 дахин нэмэгдсэн. Үүнээс үүдсэн иргэдийн хохирол ч дагаад эрс өслөө. Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил бол гэмт хэрэгтэй тэмцэх ажлын тэргүүн эгнээнд тавигдаж байгаа. Бид “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх” байдлаар энэ төрлийн гэмт хэргийг дийлэхээргүй байгаа. Тиймээс урьдчилан сэргийлэх ажилд түлхүү анхаарч өнөөдөр энэ төвийг нээж байна. Энэ төвийг нээхийн гол агуулга нь цагдаагийн байгууллага цахим гэмт хэрэгт өртсөн иргэдийн дуудлага мэдээллийг авсан даруйд тухайн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг цааш нь гэмт этгээд ашиглах боломжийг шуурхай таслан зогсооход гол цөм нь оршиж байгаа” гэсэн юм.
Иргэн та цахим залиланд өртлөө гэдгээ мэдсэн даруйд 102 дугаарын утсанд шуурхай хандах эсвэл Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв цахим Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс – Cyber crime division of NPA Mongolia хуудсанд өөрийн цахим халдлагад өртсөн талаарх мэдээллээ даруй хүргүүлнэ. Энэ тохиолдолд цагдаагийн байгууллага, банкнууд болон прокурорын байгууллагатай хамтран тухайн гарсан мөнгийг шуурхай царцаах арга хэмжээ авах юм. Ингэснээр энэ төрлийн цахим гэмт хэргийг 50 хувь бууруулж чадна гэж үзэж байгаа аж.