АНУ-ын Сан Франциско хотод АПЕК буюу Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалт болж байна.
Энэ уулзалтын хамгийн анхаарал татаж буй зочид бол АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин нар юм. Тэд өчигдөр дөрвөн цаг гаруйн хугацаанд уулзсаныг эх сурвалжууд мэдээлж байна. Дэлхийд тэргүүлэгч эдийн засагтай хоёр улсын удирдагчид хамгийн сүүлд жилийн өмнө Индонезийн Бали-д гурван цаг гаруй уулзсан байдаг.
Энэ удаагийн АНУ болон БНХАУ-ын харилцаа холбоо сайжирч байгааг талууд аль аль нь илэрхийлсэн байна. Гэхдээ Жо Байден уулзалтын дараах хэвлэлийн хурлын үеэр Ши Жиньпинийг дарангуйлагч гэж үзэж буй хэвээр байгаа гэдгээ илэрхийлсэн юм. Мөн цаашид БНХАУ-тай харилцахдаа анхаарал сэрэмжтэй байна гэдгээ нуусангүй. Нөгөө талд, Ши Жиньпин АНУ БНХАУ-ын эсрэг бодлогоо хязгаарлах хэрэгтэйг санууллаа.
Тэрбээр БНХАУ АНУ-тай өрсөлдөх сонирхолгүй гэдгийг онцолсон юм. Үүгээр зогсохгүй, Ши Жиньпин хоёр орны хооронд хамгийн эрсдэл дагуулах магадлалтай асуудал бол Тайвань гэдгийг хэллээ. Тиймээс АНУ Тайвань руу зэвсэгийн тусламж үзүүлэхгүй байх хэрэгтэйг дахин сануулж амжсан байна.