Өөрийн гэсэн хөгжим, хөг аялгуу, дуугаараа залуусын дунд хэдийнээ байр сууриа эзэлж, олон фэнтэй "Нисванис" хамтлаг 27 жилтэйгээ золгожээ.
Тус хамтлаг нь 11-р сарын 25-нд "Crocus event hall"-д 18:00 "Пянзны баяр" буюу тоглолтоо зохион байгуулахаар төлөвлөжээ.
"Нисванис" хамтлаг энэ жил тохиож буй ойн баярынхаа хүрээнд дөрөв дэх цомгоо пянз болгон гаргасан байна. "Нисванис" хамтлагийн дуучин Л.Энх-Амгалан "Пянз Америкт хэвлэгдээд замдаа явж байна. Хөгжмийн ертөнц буцаад пянз сонирхдог болж эхэлж буй энэ цаг үед манай хамтлаг ч дутахгүй анхныхаа пянзыг өлгийдөн авах гэж байна. Үүнтэй холбоотойгоор сонсогчдодоо зориулж томоохон хэмжээний рок цугларалт, баяраа тэмдэглэхэд бэлэн боллоо.
Пянз нэлээд жинтэй буюу чанарын хувьд өндөр түвшинд гарч байгаа. Дуугаралтын хувьд барууны ямар ч хамтлагийн пянзнаас дутахааргүй болсон.
Тоглолтын бэлтгэл бүрэн хангагдсан сонсогчдынхоо сэтгэл ханамжийг өндөр байлгахад бүх хүчээ дайчлахад бэлэн маш сайхан тоглолт болно гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн бид ирэх оны эхэнд шинэ цомгоо гаргахаар бэлтгэл ажлаа эхэлсэн. Хүнд металл чиглэлийн цомог байх болно" гэв.
180 граммын жинтэй, 500 ширхэг хэвлэгдэж буй тус пянзанд "Үүнээс хойш би", "Чөтгөр бид 2", "Аабан бээбэн", "Далд оюун ухаан", "Сэтгэл хөдөлнө", "Цаг хугацаа бүгдийг эмчилнэ", "Masturbation", "Нэргүй дуу" зэрэг уран бүтээл нь багтжээ. Пянз Монголд байгаа бүх пянзны дэлгүүрүүдээр худалдаалагдах ажээ.
Тоглолтод Нисванис хамтлагаас гадна энэ цаг үеийн рок хамтлагуудын төлөөлөл болсон "Madness", "The Lemons", "Булсара", "Growl of clown" "Rec on", "Аравт" зэрэг хамтлагууд болон бусад залуу үеийн төлөөллүүд оролцох учир энэ жилийн хамгийн сүүлчийн фестивалийн хэмжээнд зохион байгуулж буй амьд хөгжмийн тоглолт болно гэдгийг тодотголоо.