10-р сарын сүүлээр “Friends” цувралын Чэндлер Бингийн дүрээр дэлхий дахинаа танигдсан жүжигчин Мэтью Перри таалал төгссөн. Тэрбээр 54 настай байсан юм.
Энэ үйл явдал дэлхий дахиныг цочирдуулж, олон шүтэн бишрэгч нь түүнийг дурсаж, Нью Йорк дахь “Friends” цувралын байрны гадаа хүндэтгэл үзүүлсэн. Цувралын бусад жүжигчид хэсэг хугацаанд гашуудаж, чимээгүй байна гэж хамтарсан мэдэгдэл гаргасан юм. Харин өчигдрөөс эхлэн жүжигчид түүнийг дурсаж, эмгэнэлээ олон нийттэй хуваалцаж эхэллээ.
Тодруулбал, Жое-гийн дүрээр олон нийтэд танигдсан жүжигчин Матт Ли Блан “Чамд баяртай гэж хэлэх үнэхээр хүнд байна, Мэтью. Бидний хамт өнгөрүүлсэн мөчүүд миний амьдралын хамгийн сайхан үе гэдгийг хэлмээр байна, найз минь. Чамтай нэг тайзнаа гарч, чамтай нөхөрлөж явсандаа маш их баяртай байна” гэж инстаграм хуудаснаа хуваалцжээ.
Харин цуврал дээрх эхнэрийнх нь дүрд тоглосон жүжигчин Кортни Кокс “Мэтью Перри бид хоёр маш ойр ажилласан. Тиймээс ч хуваалцах мөч, дурсамж маш их бий. Харин та бүхэнтэй нэг л дурсамжаа хуваалцъя. Угтаа Лондонд Моника, Чэндлр хоёр нэг л шөнийг өнгөрөөх зохиолтой байсан юм. Гэвч энэ үйл явдал үзэгчдэд их таалагдсан тул тэдний хайрын эхлэл болгосон” гэжээ.